Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хелэн Кроули: Монгол ноолуурыг өөрсдийн брэндэд ашиглах нь маш их нэр хүнд авчирна

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт" сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт Монголын ноос ноолуурын холбоо, AVSF байгууллага, Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Textile Exchange олон улсын сүлжээ, дэлхийд алдартай тансаг бүтээгдэхүүний брэндүүдийг эзэмшдэг Kering групп, Gucci, H&M, UNIQLO брэндийн төлөөлөгчид урилгаар оролцож байгаа юм.

Биата Транкман: Дэлхий дахинаа ноолуурын масс үйлдвэрлэлээс татгалзаж байна

Хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зохион байгуулж, байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих талаар санаа бодлоо хуваалцсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Биата Транкман "НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хувьд үндэсний хэмжээний механизмыг бий болгохоор ажиллаж байна. Ноолуурын салбарыг Монгол Улсын эдийн засгийн гол салбаруудын нэг гэж харж байгаа. Тиймээс тал бүрийн оролцоог хангасан хүртээмжтэй байдлаар энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх нь чухал. Тогтвортой байдлыг дэмжихийн тулд тооноос чанар  руу шилжих гэж харж байгаа.

Дэлхий дахинаа ноолуурын масс үйлдвэрлэлээс татгалзаж, бүтээгдэхүүн хийгдэх явцад байгаль орчин, амьтан, үйлдвэрлэгчийн амьжиргаа зэрэг олон асуудлыг цогцоор нь харгалзах болсон" хэмээн ярилаа.

Уг арга, хэмжээ нь гурван дэд хэлэлцүүлгээс бүрдсэн бөгөөд ингэхдээ ноолуурын салбар дахь оролцогч талуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод шинэлэг механизмыг ашиглан шилжилтийг хэрхэн хурдасгах, байгаль орчинд ээлтэй ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, өнөөгийн Монгол Улс дахь хамтын ажиллагаанд учирч буй бэрхшээл, цаашдын замналыг хэлэлцэж, мөн хэрэгжүүлэгч талуудын үүрэг, хариуцлагыг зөвшилцөн тохирох юм байна.

"Зөвхөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг экспортлохыг зорьж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Засгийн газраас "Ноолуур хөтөлбөр"-ийг батлан гаргасан. Ингэснээр жилд дунджаар 980 орчим тэрбум төгрөгийн ноолуур борлуулдаг байсан бол өнгөрсөн жил 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн 1,500 гаруй хүнийг шинээр ажлын байраар хангасан эерэг үр дүн гарч байгааг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү онцлоод "Манай улсын хувьд 27 сая ямаатай. Ноолуурын үнэ нэмэгдэхтэй холбоотойгоор тоо толгой цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Ямааны тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн талхлалт нэмэгдэж байгаа учир байгаль орчин бохирдуулсан, бэлчээр талхлагдсан нэмүү өртгийг шингээгээд ноолуураа гаргах чиглэлд ажиллаж байгаа. Зөвхөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг экспортлохыг зорьж байна" хэмээн ярилаа.

Тэгвэл монгол ноолуур дэлхийн зах зээлд гарахад ямар ерөнхий шаардлага тавигдаж байна вэ?
 
Гэрэл зургийг mpa.mn

Kering группийн байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийн захирал Хелэн Кроули "Бидний зүгээс аль болох байгаль орчинд үлдээж байгаа ул мөрөө багасгах, амьтны эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахыг зорьдог.

Монгол ноолуурыг өөрсдийн брэндэд ашиглах нь маш их нэр хүнд авчирна. Гэхдээ нөгөө талаас ноолуурын үйлдвэрлэл тогтвортой байх нь маш чухал үзүүлэлт болно.

Бид хэдийгээр хувийн компани хэдий ч даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмрээ оруулах ёстой гэж үзэж байгаа" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

H&M брэндийн төлөөлөгч Шерри Гү "Бид үйлдвэрлэлдээ ноос, ноолуурыг их ашигладаг. Харин хэрэглэгчдийн зүгээс амьтны гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг сонгохдоо байгаль орчинд үзүүлдэг нөлөө, амьтны эрхийн асуудлыг их анхаардаг болсон. Бид ч хэрэглэгчдийнхээ анхаарч буй асуудлыг харгалзаж үздэг.

Бид 2030 он гэхэд бүрэн тогтвортой дахин боловсруулах материалыг үйлдвэрлэлд ашиглахаар зорьж байна. Үүнд амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд нэлээд орж ирнэ" хэмээн ярилаа.