Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх оноос 12.7%-аар буурч, чанаргүй зээл 61.8% өсжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан мэдээллээр чанаргүй зээлийн хэмжээ өсжээ. 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны тавдугаар сарын эцэст 18.0 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх сараас 314.1 (1.8%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 3.0 (20.0%) их наяд төгрөгөөр өссөн дүн болж байна. 

Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тайлант хугацаанд 821 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 159.3 (16.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 119.8 (12.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.6 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр тус тус буурсан байна.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 21.5 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.0 (22.1%) их наяд төгрөгөөр тус тус өссөн өсжээ. 

Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 

  • 37.3 хувийг ипотекийн зээл
  • 28.4 хувийг цалингийн зээл
  • 11.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл
  • 9.9 хувийг хэрэглээний зээл
  • 7.1 хувийг тэтгэвэрийн зээл
  • 5.5 хувийг бусад зээл эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны тавдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.9 (1.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 754.2 (61.8%) тэрбум төгрөгөөр өсжээ. 

Зураг. Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төгрөг

 
Эх сурвалж: ҮСХ

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.9 пунктээр нэмэгджээ. Чанаргүй зээлийн дийлэнх хувь нь хувийн салбарт ногдож байна.