Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн дундажтай харьцуулахад монгол хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар бага байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллагын 2015-2019 оны хооронд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Дам тамхидалт болон Д амин дэмийн дутагдлыг арилган, хавьтлын идэвхитэй илрүүлэг эмчилгээг сайжруулснаар сүрьеэг 27 хувиар бууруурлах боломжтой гэж судлаачид үзжээ.

Ихэнх хүүхдүүд сүрьеэгийн халдварыг олон нийтийн газраас авсан 
 
Гэрэл зургийг mpa.mn

Харвардын Анагаах ухааны их сургууль болон Харвардын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаа "Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө төсөлд нийслэлийн 18 сургуулийн 9,848 хүүхдийг хамруулж, сүрьеэгийн далд халдвар илрүүлэх шинжилгээ хийсэн. Сайн мэдээ нь монгол хүүхдүүдийн дунд сүрьеэийн халдвар бага гэсэн дүгнэлт гарсан. Учир нь дэлхийд дунджаар гурван хүний нэг нь сүрьеэгийн халдвартай гэх судалгаа байдаг. Харин судалгаанд оролцсон хүүхдүүдийн нийт 1/10 нь сүрьеэгийн халдвартай байсан.

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 129 нь сүрьеэтэй гэж оношилогдож, 108 хүүхэд сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаж, эрүүл болсон. Мөн хүүхдүүд гэр бүлийн хүмүүсээс сүрьеэгийн халдвар авч байгаа тохиолдол цөөн буюу 14 хувь байсан бол ихэнх тохиолдол нь олон нийтийн газраас халдвар авсан байсан.

Судалгааны маань гол зорилго нь хүүхдийг Д амин дэмийн дутагдлаас болж сүрьеэгээр өвчилхөөс сэргийлэх байсан учраас халдваргүй 8,850 хүүхдэд, 3-4 жилийн хугацаанд судалгаагаа хийсэн. Эрдэмтэн судлаачид Д амин дэм дутагдсаны улмаас хүүхэд халдварт өвчинд өртөх эрсдэлтэй байна гэж таамаглаж байсан нь энэхүү судалгаагаар батлагдсан. Тиймээс Д амин дэмийн дутагдлыг арилгаснаар сүрьеэгийн халдварыг бууруулах боломжтой юм.

Д амин дэмийн түвшинг тодорхойлох шинжилгээ хийхэд нийт хүүхдүүдийн 90 гаруй хувь нь дутагдалтай гэж гарсан. Үүнээс 53 хувь нь гүн дутагдалтай байсан бол ердөө долоо хувь нь хэвийн гэсэн үзүүлэлттэй байсан юм. Мөн хүүхдийн дэргэд тамхи татах нь халдварт өвчний эрсдэл өндөр байна гэдгийг тогтоосон учир хүүхдийнхээ дэргэд тамхи огт татахгүй байх хэрэгтэй. Хүүхдэд халдвар байна гэдэг бол том хүмүүс халдвар тараагч болж байна гэсэн үг. Тиймээс эргэн тойрны том хүмүүсээс халдварт тараах нөхцөлийг нь бууруулах хэрэгтэй" гэв.

 Төслийн багийнхан эцэг эхчүүдэд маш олон сургалт явуулж, мэдээлэл өгч байсан

37 дугаар сургуулийн эцэг эхийн төлөөлөл Б.Лхагвадулам "Төсөл эхлэхэд манай хүүхэд гуравдугаар анги байсан. Эцэг эхийн зүгээс харахад үүнийг маш сайн төсөл гэж бодож байгаа. Учир нь энэ Монголд хийгдээгүй маш өндөр төлбөртэй далд хэлбэрийн сүрьеэ илрүүлэх шинжилгээнд хамруулж байсан нь ач холбогдолтой. Төсөл хүүхдийн өсөлт, хөгжил, сэтгэхүй, эрч хүчтэй байх тал дээр маш сайн нөлөө үзүүлсэн учраас би маш энэ төслийг үр өгөөжтэй хэрэгжсэн гэж харж байна.
Д амин дэмийн дутагдлаас болж ямар өвчин үүсдэг, яагаад дутагддаг тал дээр төслийн багийнхан эцэг эхчүүдэд маш олон сургалт явуулж, мэдээлэл өгч байсан. Тиймээс би Д витамины дутагдлаас болж маш олон өвчлөл бий болдог гэдгийг ойлгосон" гэлээ.

Монгол хүний цусанд байгаа Д амин дэмийн хэмжээ харьцангуй бага

Монгол Улсын ардын эмч, Анагаах ухааны доктор профессор Д.Малчинхүү "Хүнд зайлшгүй байх ёстой амин дэм бол Д витамин. Сүүлийн үеийн судалгаагаар Д витаминыг амьсгалын замаар халдварладаг өвчнүүдээс сэргийлэхэд чухал үүрэгтэй гэдгийг олон судлаачид нотолж байна. Харин энэ судалгаагаар Д витамины дутагдалд орохгүй бол сүрьеэгээс иргэдээ хамгаалж чадна гэсэн үр дүн гарч байна.

Витамин Д баялаг агуулагдсан хоол хүнс бол далайн гаралтай бүтээгдэхүүн юм. Харин монголчуудын хүнсэнд гол хэрэглэгддэг гурил, мах нь Д витамины агууламжаар их ядмаг. Энэ нөхцөл байдлаас болоод Монгол хүний цусанд байгаа Д амин дэмийн хэмжээ харьцангуй бага. Тийм ч учраас нас ахих тусам ясны сийрэгжилт амархан бий болдог.  Нэгэнт бид хүнсээрээ нөхөж чадахгүй, эсвэл цаг уурын өөрчлөлтийн улмаас нарнаас хангалттай Д витаминаа авч чадахгүй учраас бэлэн Д витамин хэрэглэх хэрэгтэй. 

Монгол Улс өмнө нь Д витаминыг гурав хүртэлх насны хүүхдэд архетипаас сэргийлэх зорилгоор өгдөг байсан. Харин сургуулийн насны хүүхдэд Д амин дэм дутагддаг, тэр дутагдалыг нөхөх ёстой гэдэг тал дээр анхаарч байгаагүй" гэв. 

Судалгааны хаалтын үйл ажиллагааанд судалгаанд оролцсон хүүхдүүдийн эцэг эхчүүдээс гадна сургуулиудын захирал, сүрьеэгийн эмч эмнэлгийн ажилтнууд нийт 700 гаруй хүн оролцлоо.