Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн Хонг Конгчууд дахин жагслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хонг Конгийн засаг захиргааны байрны ойр орчимд олон мянган иргэн цугларч, гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлж, шүүлгэх хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийллээ.

Өнгөрсөн Ням гарагт тус хотод асар том эсэргүүцлийн жагсаал болсон нь Хонг Конгийг Британиас Хятадад шилжүүлсэн 1997 оноос хойш болсон хамгийн том эсэргүүцлийн арга хэмжээ байв.

Тэгвэл гурав хоногийн дараа Хонг Конгчууд дахин жагсаж байна.

Маск, хамгаалалтын нүдний шил зүүсэн залуус засаг захиргааны байр руу чиглэсэн замууд дээр төмөр хаалт босгож, явган хүний замын хавтангуудыг ховхлон хана босгож байна.

Тэдний түрүүч нь Мягмар гарагийн орой энд буудаллаж, хоносон юм.

Эрх баригчид Хонг Конгийн өнцөг булан бүрээс цагдаагийн хүчийг цуглуулж, хамгаалалтаа чангатгажээ.

Ардчилсан намын гишүүд тус хотын хууль тогтоох зөвлөлийн дарга Эндрью Люн Кван Юэнд хандаж, гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэх хурлыг цуцлах, ядаж хойшлуулахыг уриалсан байна.

Харин өнөөдөр Хятадын Коммунист Намын төв хэвлэл Ардын Сонинд Хонг Конгийн тэмцэгчдийг “Хятадын эсрэг үзэлтэй гадаадынхны гар хөл боллоо” хэмээн буруутгажээ.

Тус нийтлэлд өгүүлснээр шинэ хуулийн төслийг хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 4-ний хооронд 20 өдөр олон нийтэд танилцуулж, санал авахад хотын иргэдийн төлөөлөгчдийн олонх дэмжсэн гэнэ.

Хотын засаг захиргаа байрладаг Admiralty өртөөний орчмын замууд хаагдаж, үйлчилгээний газрууд тодорхойгүй хугацаагаар хаалгаа бариад байна.

Жагсагчид “Хотынхоо үнэт зүйлийг хамгаалж үлдэхийн тулд Хонг Конгчууд ямар ч үнэ төлөхөд бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэд 2014 оны “Шүхэртэй бослого”-ыг дахин эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

1997 онд Хонг Конгийг Британиас Хятадад шилжүүлж өгөхдөө “нэг улс, хоёр систем” зарчмын дагуу тус хотын бие даасан улс төр, эрх зүйн системийг 50 жилийн хугацаанд хадгалах тохиролцоо хийсэн байдаг.

 Гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлж, шүүлгэх хууль хэрэгжүүлэх гэж байгаа нь Хонг Конгийн бие даасан байдлыг Бээжингийн зүгээс эвдэх оролдлого гэж тэмцэгчид үзэж байгаа юм.

Ням гарагт болсон жагсаалд нэг сая орчим хүн оролцсоныг зохион байгуулагчид мэдээлж байв. Энэ нь тус хотын нийт хүн амын долооны нэг гэсэн үг юм.

Өнөөдөр жагссан иргэд хуулийн төслийг буцаах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: South China Morning Post