Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Налайхын уурхайн ослоос болж гурван хүн амиа алдсан хэргийг даруй шийдэж өгөхийг хуулийн байгууллагаас хүслээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэнийн хөгжил” уурхайд дөрөвдүгээр сарын 20-нд нуралт болж, нэг иргэн хүнд гэмтэн, гурван хүн нас барсан билээ. Осол гараад хоёр сар орчим болох гэж буй ч одоогоор буруутай этгээдийг тогтоон, хариуцлага тооцоогүй байна. Тиймээс хохирогчдын ар гэрийнхэн болон хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь төлөөлөл өнөөдөр өмгөөлөгчийн хамтаар мэдээлэл хийлээ.

“Эрдэнийн хөгжил” уурхайд ажиллаж байсан н.Ганбатын хэлснээр 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд Мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалт хийхдээ үйл ажиллагааг нь зогсоож, лацаджээ. Гэтэл уурхайн эзэд 12-ны өдөр ажилчдаа эргэн цуглуулж, зун дуустал ажиллаж болно гэсэн байна. Ингэхдээ гадаах хаалганыхаа лацыг хөндөлгүй өөр хаалгаар ажилчдаа оруулсныг тэрбээр мөн хэллээ.

Харин дөрөвдүгээр сарын 18-ны өдөр бригадынх нь дарга н.Оргил нэгдүгээр салаанд орж болохгүй, нуралт үүсэх эрсдэл өндөр гээд ажлаа зогсоосон аж. 

Иргэн н.Ганбат “Оргил дарга энд ажиллахаа больцгооё гэсэн өдөр нь бид ажиллаагүй. Харин 20-ны өдөр биднийг дахин дуудаж, ажиллуулахад бригадыг өөр хүн даргалсан. Бид "Нэгдүгээр салаа руу орохгүй, нурах эрсдэлтэй" гэхэд дарга нар баруун хананы нүүрсийг олборлоод л гараад ир гэсэн. 20:00 цагийн орчимд "Ажлаа зогсоо" гээд нуралт үүссэн тухай хэлсэн. Би өөр салаанд ажиллаж байсан тул учрыг сайн мэдээгүй яваад очтол нуралтын улмаас нэг хүн бэртэн дээш гарч, гурван хүн доор дарагдсан байсан” гэлээ. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Ослын дараагаар ажилтнууд цагдаагийн байгууллагад хандан, хэрэг үүсгэн шалгахыг хүссэн ч харьяалал тогтоохоор хугацаа алдах зуур хятад эзэн нь хилээр гарсан тухай өмгөөлөгч Ц.Монгол хэллээ. Мөн тэрбээр "24 цагийн дотор харьяалал тогтоох байтал энэ хэргийн харьяаллыг тогтоох гэж Улсын Ерөнхий прокурор дээр 15 хоносон. Дөрөвдүгээр сарын 20-нд осол болсон байтал 25-нд прокурорт шилжин, тавдугаар сарын 15-ны үед харьяалал тогтоож, улсын мөрдөн байцаах газарт очсон байна” гэв. 

Амиа алдсан гурван хүн нь ажил хийж, гэрийнхнээ тэжээдэг гол хүмүүс нь байсан тухай гэр бүлийнхэн нь хэлж байлаа. Одоогоор улсаас тэдэнд ямар нэг дэмжлэг үзүүлээгүй бөгөөд хэргийн явц ийнхүү удааширч байгаад харамсаж, нэн даруй шийдэж өгөхийг хуулийн байгууллагаас хүслээ.