Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сарны цаад талаас аварга том “металл нөхөөс” илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхээр Хятадын судалгааны станц түүхэнд анх удаа сарны цаад талд буусан билээ. Сар нь дэлхий рүү зөвхөн нэг талаараа харж эргэдэг бол нөгөө тал нь үргэлж хүн төрөлхтнөөс нүүрээ буруулж байдаг юм.

Тэгвэл сарны алсагдсан энэ хэсгээс ер бусын том бөөгнөрсөн металл давхарга илрүүлснийг эрдэмтэд “Geophysical Research Letters” сэтгүүлд мэдээлжээ.

Сарны өмнөд туйлын Эйткений хонхор гэгддэг хэсгийн хөрсөн дор 2.2 квинтиллион (2,200,000,000,000,000,000) килограмм жинтэй, ойролцоогоор Архангай аймгийн газар нутгийн хэмжээтэй металл давхарга байгааг судлаачид тогтоосон байна.

Судалгааг ахалсан АНУ-ын Бэйлорын их сургуулийн эрдэмтэн Питер Жэймс “Газар дор Хавайн Биг Айландаас тав дахин том хэмжээтэй металл булагдсан байна гэж төсөөл дөө. Бид хэр том хэмжээтэй зүйл илрүүлснийг эндээс ойлгож болно” гэж тайлбарлажээ.

Жэймсийн багийнхан уг давхарга 4 тэрбум жилийн өмнө аварга том астероид сартай мөргөлдөхөд үүссэн гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл астероидын металл цөм сарны энэ хэсэгт “наалдаж” үлдсэн бололтой.

Хэрвээ энэ таамаг үнэн бол нарны аймгийн түүхийг харуулах их хэмжээний баримт энд хадгалагдаж байх боломжтой юм.

“Энэ хэсэг бол сансрын биет хоорондын мөргөлдөөний нөлөө, нарны аймгийн гараг эрхсүүдийн үүсэн бүрэлдэх үйл явцыг судлах байгалийн шилдэг лаборатори болно” гэж Жэймс ярьжээ.

 

Эх сурвалж: CNN