Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын бизнес эрхлэгчдэд гадаад зах зээлд нэвтрэх боломж нэмэгдэнэ"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Гаалийн ерөнхий газрын мэдээгээр Монгол Улс 2019 оны эхний таван сард дэлхийн 136 улстай худалдаа хийснээс 62 улсад бараагаа экспортолж, 132 улсаас гарал үүсэлтэй барааг импортолжээ. Энэ он эхний таван сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.58 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.2% буюу 514.5 сая ам.доллараар өссөн бөгөөд 948.3 сая ам.долларын ашигтай гарсан байна.
 
Гэрэл зургийг MPA.mn

Манай улс гадаад худалдаа хариуцсан яам, агентлаг байхгүй тул энэ асуудлыг ГХЯ эрхэлж буй билээ. Монгол Улсын нийт гадаад худалдааныхаа 80 хувийг хоёр хөрштэйгөө хийдэг. Тэгвэл энэ хэмжээгээ хадгалахын зэрэгцээ бусад улстай хийх худалдаагаа нэмэгдүүлэхийг зорьж буй гэдгийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлсэн. 

Монгол Улсын гадаад худалдаа сүүлийн үед эерэг үзүүлэлттэй гарч буй. Тэр дундаас БНХАУ-тай хийж буй худалдаа хамгийн ашигтай нь байдаг.

График. Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2000-2018

БНХАУ-тай хийж буй худалдаа ашигтай гардаг. Хоёр орны худалдааны эргэлтээ 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьчихаад буй. Тэгвэл хоёр жилийн өмнө $5  тэрбум гарантай байсан урд хөрштэй хийх худалдааны эргэлт 2018 оны байдлаар л гэхэд 8.5 тэрбум ам.долларт хүрч өссөнийг Д.Даваасүрэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн хуралдаанд танилцуулсан. Гадаад худалдаагаа тэлж, тарифын хөнгөлөлттэй нөхцөл бий болгох үүднээс тус яам хэд хэдэн ажлыг хийж байгаа аж. 

Тухайлбал, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн ОХУ-д тариф бууруулах талаар саналаа тавьсан байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг Засгийн газраас дэмжиж, байнгын хороодоор хэлэлцэхээр төлөвлөөд байгаа талаар тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд ярьсан юм.  

Ирэх 2020 оны зургаадугаар сард Дэлхийн экспортын форумыг Монгол Улс Улаанбаатар  хотноо зохион байгуулах ба уг форум нь хөгжиж буй орнуудын хөгжилд, ЖДҮ эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Форумыг Монгол Улс хамтран зохион байгуулснаар манай бизнес эрхлэгчид гадаадын томоохон компани, ААН, бизнес эрхлэгчидтэй шинэ харилцаа холбоо тогтоох, гадаад зах зээлд нэвтрэх боломж нэмэгдэнэ хэмээн ГХЯ үзэж байгааг В.Энхболд дарга хэлсэн юм. Энэ хүрээнд үндэсний бодлого чиглэлийг тодорхойлохоор Олон улсын худалдааны төвтэй хамтран худалдаа хөрөнгө оруулалтын замын зураглалыг боловсруулж дуусгажээ.