Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Унгар улсын гандболын Үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин эх орондоо ирлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Унгар улсын шигшээ багт тоглож буй Ш.Тэмүүжин эх орондоо ирлээ. Түүнийг Монголын Гандболын холбоо өнөөдөр хүлээн авсан бөгөөд тэрбээр Удирдах зөвлөлийн гишүүд, тамирчин, дасгалжуулагч нартай уулзалт хийх, футзалын ордонд өсвөрийн баг тамирчдын хамтарсан бэлтгэлд оролцох, МҮОХ-д айлчлах зэрэг төлөвлөгөөтэй байгаа аж.

Ш.Тэмүүжин нь Монгол-Унгар гаралтай бөгөөд 2004 оноос эхлэн Унгарын гандболын “Весзпрем” багийн хүүхдийн академид суралцаж, 19 насандаа мэргэжлийн багтай гэрээ байгуулан нэг жил тоглохдоо Унгарын лигийн аварга болсон томоохон амжилтыг үзүүлжээ. Түүнчлэн 2006 оноос хойш Унгарын Үндэсний шигшээ багт тоглож, 2012 оны Лондоны олимпод шалгаран оролцож, шагналт дөрөвдүгээр байранд орж байв.  

Өдгөө тэрбээр 34 настай бөгөөд гандболын багийн “пивот” байрлалд довтлон тоглодог. Шигшээ баг болон 2018 оноос харьяалагдаж буй “Ференцварош” клубтээ “5” дугаарыг эзэмшдэг аж.

Түүний амжилтуудаас:

  • 2005 оны дэлхийн залуучуудын аваргын хүрэл медаль хүртэж байв.
  • Унгарын шигшээ багийн бүрэлдэхүүнд орж, Европын аварга шалгаруулах 2010, 2012, 2014, 2016, 2018 оны таван удаагийн тэмцээнд оролцож байв.
  • Гандболын ДАШТ-д 2011, 2013, 2017, 2019 онд 4-н удаа Унгарын шигшээ багийн үндсэн гарааны бүрэлдэхүүнд багтан орж байлаа. 
  • Румын улсын “Динома” клубт легионер тамирчнаар ажиллан 2009, 2010 оны гандболын лигийн аварга болсон.
  • 2011-2018 онд өөрийн унаган баг “Весзпрем”-т тоглох хугацаандаа Унгарын үндэсний лигийн аваргаар 7 удаа /2005, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онд/ тодорч, улсынхаа гандболын холбооны цомын тэмцээнд 6 удаа /2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онд/ түрүүлсэн билээ. 
  • Унгарын “Весзпрем” багт тоглох хугацаандаа Ш.Тэмүүжин Европын Гандболын холбооны Аваргуудын лигт оролцож 2012-2013 он, 2014-2015 он, 2015-2016 онд Европын Аваргуудын лигийн шилдэг хамгаалан тоглогчоор 3 удаа шалгарсан Европ тивийн болон дэлхийн шилдэг тоглогчийн нэг. 

Ш.Тэмүүжин нь тив, дэлхийн болон Унгар улсын гандболын олон мянган сонирхогчийн сэтгэл зүрхийг татсан шилдэг сайн тамирчин болж чадсан бөгөөд түүнийг Лондоны олимпын наадамд амжилттай оролцоод ирснийхээ дараа 2012 онд Унгарын төрийн дээд одон медалиар шагнагдсан билээ.