Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн зургаан дүүргийн 30 байршлыг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулна

www.ulaanbaatar.mn
2019 оны 6 сарын 11
ulaanbaatar.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” болон “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоох тухай” асуудлыг хэлэлцэв.

 

Хуралдаанд “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоох тухай” асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулжээ.

 Тэрбээр  “Нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амарч, зугаалахад таатай орчинг бүрдүүлж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий байгууламжтай ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн газруудыг сонгосон.

Судалгаанаас бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий нийтээр ашиглаж буй 30 байршлыг эхний ээлжинд тогтоон энэ байршлуудыг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтоож, хамгаалалтад авах, ашиглалтын байдалд хяналт тавих, тохижилт, арчилгааг дүүргүүдийн Засаг дарга нарт гэрээний үндсэн дээр хариуцуулах, газрын мэдээллийн санд нийтийн эдэлбэрийн газрын зориулалтаар бүртгэх саналтай байна” гэв. 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод одоогоор мэдээлэл нь тодорхой болсон энэ 30 байршлаас өөр дахин хэчнээн газрыг тусгай хэрэгцээний нийтийн эдэлбэр газарт хамруулах боломжтойг судалж, цаашид хамруулах боломжтой ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн мэдээллийг нягтлан гаргаж, үе шаттайгаар нэмээд явах шаардлагатай” гэдгийг онцлов.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн зургаан дүүргийн нийт 30 байршлын нийтийн эзэмшлийн амралт, зугаалгын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтоох асуудлыг дэмжиж, НИТХ-д оруулахаар болжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс