Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ хот "Аэросити"-ийн хилийн цэсийг 25,282 га талбайгаар тогтоох саналаа танилцууллаа

ikon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай байв.

Камер суурилуулах, засвар үйлчилгээний зардлыг зориулалтын дагуу ашиглахгүй, нэгдсэн төлөвлөлт, бүртгэл байхгүй зэрэг дутагдал байнга гарсаар байна

"Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/667 дугаар захирамжаар теле хяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журмыг батлуулан ажилласан. Гэвч нутгийн захиргааны байгууллагууд нь тухайн журмын биелэлтийг хангаж ажиллахгүй байгаа тул өнөөдрийг хүртэл стандартын бус хэрэгцээ шаардлага хангахгүй камер суурилуулах, засвар үйлчилгээний зардлыг зориулалтын дагуу ашиглахгүй, нэгдсэн төлөвлөлт, бүртгэл байхгүй зэрэг дутагдал байнга давтагдан гарсаар байна. Иймд энэхүү журамд дутагдаад буй байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хариуцлага алдсан албан хаагчдын хүлээх хариуцлагыг тодорхой болгон, камертай холбоотой техникийн тодорхойлолтыг хуучин журмаас хасаж тодорхойлолт гаргах ажлыг тухайн байгууллагын онцлог, шийдэлд тааруулж гаргахаар тусгасан" хэмээн нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат танилцуулсан юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр тогтож хойшлууллаа.

Хамбын овооны “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор газар”-ын орчмын айлуудыг нүүлгэнэ

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай зөвлөлийн гишүүдэд хүргэлээ. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 141 дүгээр тогтоолоор түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хамбын овооны “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор газар”-ын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай юм.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэж, нийслэлийн нутаг дэвсгэрт үүнтэй адил хэлмэгдүүлэлт болсон газрууд цөөнгүй байгаа тул цаашид холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дэмжлэг авч, судалгаа шинжилгээг нарийвчлан хийлгэж, тэр орчимд зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хашаалах асуудлыг судалж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов.

“Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв

Зөвлөлийн хуралдаанд “Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах, Шинэ хот /Аэросити/-ыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан УИХ-аар шийдвэрлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг даргад даалгасан. Тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Шинэ хот /Аэросити/-ын хилийн цэсийг 25.282 га талбайгаар тогтоох саналыг боловсруулан зөвлөлийн хуралдаанд танилцуулж байгаагаа уламжлав. Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нэмэлт оруулсан санал болон мэдээллүүдийг дахин нягталж нэгтгэн, дараагийн зөвлөлийн хуралдаанаар оруулж, эцэслэн хэлэлцэхээр тогтлоо.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс