Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрхэмбаатар: ЖДҮ-ийн хулгайтай тэмцэх хуульчдын тэмцэл нэг алхам урагшиллаа

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

ЖДҮДС-ийн зээлийг хууль бусаар олгосон талаар хуульч Ж.Эрхэмбаатар, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Алтангадас нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл өчигдөр шийдэгджээ. Тодруулбал, ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн А01 дугаар тушаалыг хууль бус байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоож, хүчингүй болгох шийдвэрийг зургаадугаар сарын 10-ны өдөр гаргасан байна. 

 

ЖДҮДС-гаас нэн хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авах боломжийг анх "ЖДҮ хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-ыг 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын тусгай зориулалтын сангийн тухай хуульд ганцхан өөрчлөлт оруулж, УИХ баталснаар олгосон. Өөрөөр хэлбэл, төсөл сонгон шалгаруулалттай холбоотой бүхий л эрхийг нэг хүнд буюу ХХААХҮ-ийн сайдад төвлөрүүлсэн байдаг. Улмаар эрх мэдэлтэй болсон сайд 2017 оны зургаадугаар сарын 14-нд А-76 тушаалыг шинээр гаргажээ.

Энэ талаар үүссэн нөхцөл байдал, нотлох баримтыг үндэслээд хуульч Ж.Эрхэмбаатар нарын хуульчид дараах хоёр шийдвэрийг гаргажээ. 

  1. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох харилцааг зохицуулсан журамд 2018.01.03-ны өдрийн А01 дугаар тушаалаар оруулсан өөрчлөлт бүх хулгайн эхлэл байж гэж үзээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүчингүй болгуулах.
  2. Нэр бүхий албан тушаалтны өөрийн болон хамаарал бүхий этгээддээ зээл авч өгсөн тушаалыг хүчингүй болгуулж, эргүүлж төлүүлэх зорилго тавьж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор (хуулийн нэр томьёо) нэхэмжлэл гаргасан.

А01 ямар учиртай тушаал болох талаар хуульч Ж.Эрхэмбаатар:

"ЖДҮ хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд 2018.01.03-ны өдөр ХХААХҮ-ийн Сайд А01 тушаалаар нэг өөрчлөлт оруулсан.

Журмын 6.7-д төсөл нь сонгон шалгаруулалтад тэнцсэн, эх үүсвэрээ хүлээж байгаа төслүүдийг санхүүгийн эх үүсвэр орж ирэхэд нэн тэргүүнд санхүүжүүлэхээр заасан байв. Сонгон шалгаруулалтад тэнцсэн, зээл авах эрхтэй, санхүүжилтийн эх үүсвэрээ хүлээсэн 54 ААН байж. Үнийн дүнгээрээ 30 орчим тэрбум. Эдгээр ААН ХХААХҮ-ийн Сайдад болон хожим албан тушаалын байдлаа ашиглан зээл авах хэдэд эдгээр ААН-үүд "саад" болж байж.

Иймээс 2018.01.03-нд А01 дугаарт тушаал гарган зээл санхүүжүүлэх үүргээс өөрсдийгөө чөлөөлөх, төсөл нь тэнцсэн ААН-ийг замаасаа зайлуулах өөрчлөлтийг "ЖДҮ хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-д оруулаад авч. Ингээд 54 ААН зээлээ авна гээд хүлээж байсан хүсэл нь талаар болжээ. Үүнийгээ албажуулж, 2018.02.23-нд А29 дугаарт тушаал гарган 54 ААН-д зээл олгосон байсан А125, А126, А21, А94 тушаалыг "эх үүсвэр байхгүй" гээд тус тус хүчингүй болгосон.

Хэм хэмжээ тогтоосон актыг засварлаж, зээл олгосон бүх тушаалуудыг хүссэнээрээ өөрчилсөн, зээлэх мөнгөгүй сайд гурван сарын дараа 100 тэрбум төгрөгтэй болно. Ингээд хүссэнээрээ, дуртай этгээддээ, даргадаа зээл өгч эхэлсэн юм.

Өнөөдөр энэ бүхний эхлэл болсон А01 дугаарт тушаал хүчингүй боллоо. Эрх ашиг нь хөндөгдсөн 54 ААН зээл авах бололцоотой боллоо. Хамгийн гол нь албан тушаалын давуу байдлаа ашиглаж А88, А141 дугаар тушаал хууль бус болох нэг үндэслэл бий боллоо.

Нэг зүйлийг үлдээж. Зээл авч чадаагүй ААН дотор "Наму дэвжих" ХХК байсан байдаг. Энэ нөгөө сайдын компани. Хожим энэ компанийг "онцгойлон авч үзэж" А88 дугаар тушаалаар нэмж зээл өгсөн байдаг. Өөрийн компанийг юу гэж хохироох билээ. Бас УИХ-н гишүүн Н.Оюундарийн хамаарал бүхий "Рэд стар" ХХК, Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатарт мөн энэ боломж ногдсон байдаг" хэмээн тайлбарлаад ""ЖДҮ-ийн хулгайтай тэмцэх хуульчдын тэмцэл нэг алхам урагшиллаа" гэлээ.