Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль хүчнийхэн хар тамхины хэрэгт холбогдох болсон нь хэрэг бишидсэнийг харуулж эхлэв үү

Г.Бат, Өдрийн сонин
2019 оны 6 сарын 11
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Жирийн иргэнээс эхлээд дипломат ажилтан оролцох хүртлээ өслөө

Сүүлийн жилүүдэд манай улсын нэр бүхий албан тушаалтан, урлаг соёлын “одод”, төрийн хариуцлагатай албан хаагчид хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгдэв. Эрхэлж буй албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, олны танил байдлыг бодсон ч эдгээр хүмүүсийг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, бас ч гэж тав, гурван “цаас” цаашаа хийсэн болов уу хэмээн дүгнэмээр байдаг.

Гэтэл урлаг соёлынхноос эхлээд прокурор, дипломатч, сүүлдээ тагнуулын албанд байсан эрхмүүд хүртэл хар тамхины хэрэгт холбогддог болов. Л.Байгалмаа гэх эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн гэх хэргээр БНХАУ-ын шүүхээс цаазын ял сонсоход олон хүн гэнэн зангаасаа болж бусдын өгөөш боллоо хэмээн зөвтгөж байв.

Мөн олон жилд ганц тохиох ховор хэрэг мэтээр хүлээн авч байсан нь үнэн. Цаашлаад уг хэрэгтэй холбогдуулж 12 жилийн ял сонссон Л.Гантуул хэд хэдэн ном гаргаж, салбартаа танигдсан зохиолч боллоо. Хар тамхины хэрэг ийн жирийн иргэнээс эхэлж, утга зохиолын салбарт шургалж, улмаар урлаг соёлынхныг “онилсон” гэхэд хилсдэхгүй.

Урлаг соёлын эрхмүүдээс хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүн олон бий. Энэ дундаас “Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон нь тухайн үедээ дуулиан тарьж байлаа. Урлаг соёлынхон “Түүнд Монголын ард түмэн хайртай” хэмээн бачимдан өмгөөлж байсан үе бий. Үүнээс үүдэлтэй ч юм уу, ямартаа ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг суллаад зогсохгүй Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээн алдаршуулав.

Үүнээс гадна “Айс топ” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа гэх зэргээр хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлынхны цуваа хөвөрнө.  Ингээд зогсохгүй спортынхон дундаас хар тамхины хэрэгт холбогдож улсын начин Ц.Улаанхүү хар тамхины хэргээр 11 жилийн ял сонссон билээ. Анхандаа жирийн иргэнээс эхэлж, урлаг соёлынхны дунд гарч байсан хар тамхины хэрэг прокурор, тагнуулын ажилтнууд холбогдож эхэллээ.

Тодруулбал, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар мөн л хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс ял шийтгүүлсэн. Гэтэл хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүс хар тамхины хор хөнөөлийг сайн мэддэг, хууль бусаар хадгалж, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хэнээс ч илүү мэднэ. Харамсалтай нь хаширдаггүй юм байна. Одоо дипломат ажилтнууд нь хэдэн улсын хил дамнуулан героин зөөх хүртлээ архагшлаа.

Хамгийн сүүлд дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар олон улсын хил дамнуулан их хэмжээний хар тамхи тээвэрлэн баривчлагдсанаар Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд сэвтүүлээд байна. Хар тамхины энэ “хөгжлийн шат” юу өгүүлнэ вэ.

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ ХҮМҮҮСИЙН TOO НЭМЭГДЭЖ БАЙНА

Хар тамхийг нэг удаа хэрэглээд автах магадлал өндөр байдаг. Мөн хар тамхинд донтсон хүний эдгэрэлт ердөө таван хувьтай аж. Т иймээс хар тамхи наймаалагчид эхний удаад үнэгүй хэрэглүүлдэг арга барилтай. Өөрөөр хэлбэл, нэгэнт хэрэглэж үзсэн хүмүүст цаашид дахин хэрэглэх хүсэл төрнө. Ингэснээр мансууруулах бодис хайж эхэлнэ. Энэ эрэлт дээр үндэслэж хар тамхины “бизнес” цэцэглэж эхэлдэг аж.

Үүнийг батлах мэт өсвөр насны 2,000 хүүхдийн 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал тавьсан гэж судалгаа гарсан байна. Нөгөөтэйгүүр, өмнө нь манай улсад хар тамхи бага граммаар нэвтэрч, түүнийг нь хууль хяналтын байгууллагынхан тогтоож байсан бол энэ хэмжээ улам бүр өсөх болсон. 2012-2013 онд долоо орчим кг герионыг улсын хилээр оруулаад, дамжуулан БНХАУ руу гаргахыг завдсан.

2014-2016 онд метамфетамин 159.43 грамм, 2017 онд 206.23 грамм метамфетамин   хурааж байв. Харин он гарснаас хойш илрүүлсэн мансууруулах бодисын хууль бус зах зээлийн үнэлгээ хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэж байна. 

Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан 19-32 насны гурван этгээдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн баривчилсан. Ойролцоогоор хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэхүйц мансууруулах бодисыг хураан авсан юм. Мөн нэгдүгээр сард Нигери улсын гурван иргэн манай улсад их хэмжээний “мөс”-ийг шуудан илгээмжээр нэвтрүүлэхийг завдсан байдаг. Тэдгээр иргэд нь Тайланд улсаас шуудан илгээмжээр дамжуулан 300 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хууль бусаар оруулж ирснийг тогтоосон билээ.

Үүнээс гадна анх хилээр нэвтрүүлж буй хар тамхи, мансууруулах бодисын төрөл зүйл, тоо хэмжээ хувьсан өөрчлөгдөж иржээ. 2010-2015 оныг хүртэл ихэвчлэн байгалийн гаралтай героин, олсны ургамлаас гаралтай гашиш гэх мэт бодисыг 5-10 грамм, дээд тал нь 6.6 кг хүртэлх хэмжээгээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргүүд илэрч байсан.

Мөн жилдээ хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1-2 хэрэг бүртгэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд гэмт хэргийн тоо өсөж, хураан авсан мансууруулах бодисын үнэлгээ хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэж байна.

2018 онд л гэхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 хүн уг гэмт хэргийг үйлджээ. Насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байгаа юм.

Хамгийн аюултай нь энэ бүхний үр дүнд манай улсад хар тамхинд донтох өвчтэй “арми” нэгэнт бий болчихвол улс орон сүйрснээс ялгаагүй юм. Гэтэл Монголын хууль хүчний байгууллага, тэр дундаа шүүх, прокурор, тагнуулын байгууллагад ажиллаж байсан нөхөд уг хэрэгт холбогдох болсон нь хэрэг бишидсэнийг бэлээхэн зарлан тунхаглаж байна уу.

Зураг