Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Японд гарсан F-35A сөнөөгч онгоцны осолд нисгэгч буруутай гэж дүгнэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний F-35A нисэх онгоц сургуулилалтын нислэг гүйцэтгэж яваад учир битүүлэг шалтгаанаар далайд унаж осолдсон билээ.

АНУ-д үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцыг 41 настай нисгэгч жолоодож явсан юм. Өчигдөр Японы засгийн газар уг ослыг хүний буруутай үйлдэлтэй холбоотой гэж дүгнэснээ танилцуулсан байна.

Тодруулбал амиа алдсан нисгэгч нь “оройн зайн мэдрэмжээ алдах” эмгэгтэй болсноо мэдээгүй явснаас осол гаргасан гэж дүгнэжээ. Харин нисэх онгоцонд ямар нэг техникийн асуудал байгаагүй гэнэ.

Дүгнэлт гарсны дараа Японы өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин түр зогсоогоод байсан F-35 онгоцны сургуулилалтыг үргэлжлүүлэхээр болсон байна. Ингэхдээ нисгэгчдэд “орон зайн мэдрэмжээ алдах” эмгэгийн талаар мэдээлэл өгч, ийм эмгэгийг яаж таних, мэдрэгдсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах зааварчилгаа өгөхөөр болсон гэнэ.

АНУ-ын Lockheed Martin компанийн бүтээгдэхүүн болох радарт илрэхгүй байх чадвартай F-35A сөнөөгч онгоц нь хамгийн орчин үеийн байлдааны техникт тооцогддог. Япон улсын засгийн газар уг онгоцыг нэг бүрийг нь бараг $100 саяар худалдан авч, хуучирсан F-4 онгоцнуудаа шинэчилж байгаа юм.

Зүүн Азийн бүс нутагт хүчний харьцаа өөрчлөгдөж, Хятадын хүч нөлөө өсөн нэмэгдэж байгаатай холбоотой тус улс зэвсэгт хүчнийхээ байлдах чадварыг сайжруулах арга хэмжээ авч байгаагийн нэг хэсэг нь энэ болж байна.

 

Эх сурвалж: AFP