Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Доржгочоо: Технологийн шийдлүүдийг ашиглаад төлбөртэй зогсоолын үйлчилгээг шинэ түвшинд гаргана

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нэг сая гаруй хүн байнга оршин суудаг Улаанбаатар хот 501,000 тээврийн хэрэгсэлтэй /2018 оны наймдугаар сарын байдлаар/. Үүний 400,000 нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд 130,000 автомашин өдөржин зам дээр байдаг бол үлдсэн нь зогсоолд тавигддаг байна.

Зогсоолын хүрэлцээ маш муу, тэр дундаа хотын төвд байрлах төрийн үйлчилгээний байгууллагуудын ойролцоо зогсоол олддоггүйгээс үүдэн бага тойруу орчмын замын хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсдэг. Түүнчлэн зогсоолгүй газар автомашинаа тавиад ачуулах нь иргэдийг нэлээд бухимдуулдаг.

Тэгвэл уг асуудлыг шийдэх ухаалаг авто зогсоолын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж буй залуусын төлөөлөл, "УБ Паркинг амар зогсоол" төслийн санаачлагчдын нэг Н.Доржгочоотой ярилцсан юм.

"Жолооч нэг товчлуур дарж зогсоолоо нээхээс өөр ямар ч үйлдэл хийхгүй"
 

- Хотын төвд  зогсоол олж машинаа тавиад ажил хөөцөлдөнө гэдэг маш хүндрэлтэй. Уг асуудлыг шийдэх ухаалаг зогсоолын санааг хэзээ гаргасан бэ?

- Яг тийм. Д.Сүхбаатарын талбай тойрсон төрийн үйлчилгээний байгууллагууд, хувийн хэвшлээр ажил хөөцөлдөөд явахаар хамгийн хүнд асуудал зогсоол байдаг. Гэсэн ч зогсоол олддоггүй тэр байдалтай эвлэрээд яваад л байна. Уг нь шийдэх боломжтой шүү дээ.

Одоогоос хоёр жилийн өмнө би Соёлын төв өргөөний ойролцоо 14:00 цагт хүнтэй уулзахаар товлоод явж байв. Тухайн үед нэг найз маань залгаад “Чамтай уулзах хэрэг байна. Нэг төсөл дээр IT-н салбарын хүн хэрэгтэй байна” гэсэн юм. Би ч “За тэгье. Соёлын төв өргөө орчимд уулзъя” гэж тохирсон. Ингээд төв рүү орж ирээд түгжрээд, зогсоол хайгаад явсаар байтал цаг 14:30 болчихов. Соёлын төв өргөөний арын зогсоолд машинаа тавих гээд л бухимдаад байж байтал найз маань ч ирлээ. 14:00 цагт товлосон уулзалтаасаа хоцорчихсон, зогсоол гарахыг хүлээгээд бухимдангуй байж байтал найз маань бараг нэг минутад багтаагаад л зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх төслийн санаагаа хэллээ.

Тухайн үед шууд л төсөөлөл орж ирсэн. Бизнес талаасаа ч байж болохоор, хамгийн гол нь олон хүнд өдөр тутам тулгамддаг асуудлыг шийдэх боломжтой төсөл байсан тул шууд л “Тэгье” гээд ажлаа эхлүүлэхээр болсон.

- "УБ Паркинг амар зогсоол" гэх төслийн нэр болон ухаалаг гэх тодотголоос харахад зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл ухаалаг утас болон аппликэшн дээр суурилсан болов уу гэх ойлголт төрж байна. Энэ тухайд тодруулж тайлбарлаач?

- Ер нь үйлчилгээ гэдэг утгаараа хэрэглэгчдэд таатай, амар хялбар, ойлгомжтой байх ёстой. Тиймээс ухаалаг утас болон аппликэшн дээр суурилсан шийдлийг сонгосон. Техникийн өндөр хөгжил, технологийн шийдлүүдийг ашиглаад төлбөртэй зогсоолын үйлчилгээг шинэ түвшинд гаргахыг зорьж байна.

Зогсоолууд дээр ухаалаг төхөөрөмж байрлуулж байгаа. Төхөөрөмжүүд бүгдээрээ интернетэд холбогдчихсон бөгөөд гар утсан дээрээ аппликэшн татаад зогсоол ОЛЛОО, ОРЛОО, ГАРЛАА гэсэн энгийн үйлдлийг хийх юм.

Гар утсан дээрээ аппликэшн татмагц таны нэрийн данс үүсэж тухайн дансаа автобусны карт цэнэглэдэгтэй адил цэнэглэнэ. Ингэхдээ заавал карт цэнэглэдэг нэгж дээр биш онлайнаар цэнэглэх боломжтой бөгөөд завтай үедээ хаанаас ч хамаагүй цэнэглэчихнэ. Зогсоолын байрлал, тухайн зогсоолд зай байна уу гэдэг үндсэн мэдээлэл хэрэглэгчдэд хамгийн хэрэгтэй байдаг. Яг энэ хоёр мэдээллийг аппликэшнд багтаасан бөгөөд маш энгийн бүтэцтэй.  

Зогсоол тус бүрт хэдэн машин тавих зай байгаа талаар мэдээлэл тодорхой харагдана.

Зогсоолоо олчихсон, дансаа цэнэглэчихсэн бол сонгосон зогсоол дээрээ очлоо, аппликэшн дээрээс товчлуур дарж зогсоолоо нээлээ. Машинаа тавиад хэсэг хугацааны дараа гарлаа гэхэд зогсоолын ухаалаг төхөөрөмж зогссон хугацааг тооцоолоод төлбөр данснаас тань хасагдчихна. Тэр даруйд мөн танд дансны мэдээлэл ирнэ.

Жолооч нэг товчлуур дарж зогсоолоо нээхээс өөр ямар ч үйлдэл хийхгүй. Төлбөр төлөх, ямар нэгэн юм тооцоолох үйлдэл хийх шаардлагагүй учраас АМАР гэдгийг тодотгож байгаа юм.

"Энэ сарын дундуур "УБ Паркинг амар зогсоол" хоёр байршилд ажиллаж эхэлнэ"
 

- Үйлчилгээ бүхэлдээ ухаалаг утасны аппликэшн дээр суурилна гэж ойлголоо. Интернэтгүй үед ухаалаг зогсоолыг ашиглах боломжтой юу?

- Хэрэглэгч байнга интернет орчинд байдаг бол аппликэшнээр дамжуулан машинаа хэр хугацаагаар зогсоолд тавиад байгаа талаар мэдээллийг 30 минут тутамд авах боломжтой. Гэхдээ утас цэнэггүй болох, утсаа хаях, алдах ч юм уу асуудал гарсан тохиолдолд 144441 тусгай дугаарт мессеж бичээд зогсоолын дугаараа илгээн үйлчилгээ авах боломжтой. Аппликэшнийг утсандаа татаж суулгахдаа бүртгүүлсэн гар утасны дугаар манай систем дээр хадгалагдаж ашиглагдана гэсэн үг.

Харин аппликэшнийг татаагүй бол амар зогсоолоор үйлчлүүлэх боломжгүй.

- Ухаалаг аппликэшнийг зөвхөн төлбөртэй зогсоолын хэрэглээнд ашиглах уу?

- Эхний ээлжинд төлбөртэй зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой хялбар аппликэшнийг систем дээрээ хөгжүүлж байна. Манай залуучууд системийн хөгжүүлэлтээ өөрсдөө хийж байгаа учраас цаашид өөр үйлчилгээнүүдийг үүн дээрээ байршуулах боломжтой.

Тухайлбал, Зогсоол хуваалцах үйлчилгээг нэвтрүүлж болно. Хотын төвд гэртэй, зогсоолтой хүн зогсоолоо оройн 19:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл ашигладаг. Бусад үед зогсоол хоосон байдаг учраас хотын төвд ажилтай өөр нэгэнтэй хуваалцаж болох юм. Гэвч тэдгээр иргэд бие биенээ олоход хүндрэлтэй. Тиймээс аппликэшнээр дамжуулан тэднийг холбож болно.

Бид маш том систем дээр байнгын хөгжүүлэлт хийгээд  явж байгаа бөгөөд өөрсдөө хийж байгаа гэдэг нь цаашид олон талаар ашиглах боломж, давуу талыг бий болгож байгаа юм. Аппликэшн бол хөгжүүлж буй системийн нэг хэсэг гэж хэлж болно.

- Одоогоор хэдэн зогсоол дээр ухаалаг төхөөрөмж суурилуулаад байгаа вэ. Хэрэглэгчид хэзээнээс аппликэшнийг ашиглаж болох вэ?

- Хөрөнгө оруулалтаа өөрсдөө шийдчихсэн, системийн хөгжүүлэлтээ ч тасралтгүй хийгээд явж байгаа учраас нийслэлээс манай төслийг дэмжсэн болов уу. Эхний ээлжид биднийг дэмжиж хоёр байршилд зогсоолын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоод байна.

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Гутлын 22 буюу Хангарди ордны баруун хойд талын зогсоол, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоол дээр хоёр зогсоолоо ажиллуулахад бэлэн болоод байгаа. Одоогоор системээ тестлэх ажил үргэлжилж байна. Энэ сарын дундуур зогсоолуудаа нээхээр төлөвлөж байгаа.

Энэ хоёр байршил маань нийлээд 100 машины зогсоолтой. Ачаалал ихтэй бүсэд цөөхөн машины зогсоолыг шийдлээ гээд замын хөдөлгөөнд үзүүлэх нөлөө нь бага байна байх. Тиймээс аль болохоор өргөн цар хүрээг хамарч ажиллахыг зорьж байна.

"Зогсоолын асуудлыг ухаалгаар шийдвэрлэж чадвал тэр орчмын замын хөдөлгөөний ачааллыг 30 орчим хувиар бууруулдаг"
 

- Ухаалаг зогсоол ямар гол гол давуу талыг авчрах вэ?

- Ухаалаг зогсоолын зорилго хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна өөр олон эерэг өөрчлөлтийг авчирна. Тухайлбал, зогсоолын төлбөр 100 хувь бэлэн бус гүйлгээгээр хийгдэж байгаа учраас төлөгдөх ёстой мөнгө төлөгдөж, тодорхой хувь нь журмын дагуу нийслэлийн автозамын санд хуримтлагдана. Мөн иргэд НӨАТ-ын баримтаа авчихна. Зогсоолд хэр хугацаагаар зогссонтой холбогдох элдэв маргаан гарахгүй.

Хүртээмж хэрхэн нэмэгдэхийг жишээгээр тайлбарлая.НИТХ-аас гаргасан журмын дагуу нийтийн эзэмшлийн талбай дахь төлбөртэй авто зогсоолд автомашиныг хамгийн дээд тал нь хоёр цаг байрлуулж болно хэмээн заасан байдаг ч энэ нь хэрэгждэггүй.

Харин ухаалаг амар зогсоол уг журмыг хэрэгжүүлнэ. Журмыг зөрчвөл торгоно. Бид хөрөнгийн биржийн урд талын зогсоолд хэдэн өдрийн ажиглалт хийж үзсэн. Ингэхэд 40 машины зогсоол дээрх 35 машин өдрийн турш огт хөдлөөгүй. Үлдсэн таван зогсоол хоёр, гурван удаа сэлгэсэн.Тэгэхээр өдрийн туршид 50 машин л уг зогсоолыг ашигласан гэсэн үг.

Харин ухаалаг зогсоол ажиллаж эхэлснээр өглөө 08:00-20:00 цагийн хоорондох 12 цагт л гэхэд 240 машинд үйлчлэх боломж нээгдэнэ. Үүнийг тэнд байнга машины тавьдаг тэр хавьд ажилтай 35 хүн эсэргүүцэх байх. Гэхдээ тэр 35 хүний эрх ашиг уу эсвэл хотын төвөөр ажил хөөцөлдөж яваа 240 болон түүнээс дээш тооны иргэний эрх ашиг уу гэх асуулт гарч ирнэ.

Нийслэл хотод 50 гаруй байршилд нийт 1,500 орчим автомашины төлбөртэй зогсоол бий. Энэ тоог нэмэгдүүлэх боломж одоохондоо алга. Энэ нөхцөлд хүртээмжээ нэмэгдүүлэх нь л чухал болоод байгаа юм.

Түүнчлэн зогсоолын асуудлыг ухаалгаар шийдвэрлэж чадвал тэр орчмын замын хөдөлгөөний ачааллыг 30 орчим хувиар бууруулдаг талаар гадны судалгаанууд байдаг. Манай жолооч нар хаана зогсоол байгааг мэдэхгүй зогсоолоо хайгаад тойроод л хөдөлгөөн удаашруулаад яваад байдаг.Харин аль зогсоолд зай байгааг мэдчихвэл тэгж явах шаардлагагүй болно.

- Зогсоолын төлбөр хэд байх вэ, ухаалаг амар хялбар, технологийн давуу талууд орсон гэдэг утгаараа үнэ нь өндөр байх уу?

- НИТХ-аас баталсан журмаар зогсоолын төлбөр зохицуулагддаг. Тус журамд төлбөртэй зогсоолын нэг цагийн төлбөр 1,000 төгрөг байна хэмээн заасан байдаг. Бидний хувьд харин ч илүү хямд нөхцөлийг санал болгож байгаа. Тодруулбал, ухаалаг зогсоолоор үйлчлүүлээд 30 минутын дотор гарвал 500 төгрөг байх юм.

Түүнчлэн оройн 20:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл, амралтын болон баярын өдрүүдээр зогсоол төлбөргүй байна.

Нэг зогсоолд автомашиныг хоёр цагаас илүү хугацаагаар байршуулах боломжгүй бөгөөд илүү хугацаагаар байлгасан тохиолдолд торгуультай талаар дээр дурдсан. Үүнээс гадна төлбөртэй холбоотой бас нэг зүйл бий. Хэрэглэгчийн дансанд хамгийн багадаа 3,000 төгрөгийн үлдэгдэлтэй үед зогсоолд орох эрх нээгдэнэ. Магадгүй ажлын шаардлагаас болоод төлбөр 3,000 төгрөгөөс давсан тохиолдолд тухайн данс хасах үлдэгдэлтэй болно. Ингээд дараагийн цэнэглэлтээс суутгагдаад явах юм.

- Зогсоолын тохижилтын тухайд нэмж тодруулбал?

- Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх мэтээр олон улсын стандартын дагуу тоноглогдсон. Дугуй тээглүүлэгчтэй учраас машинаа зогсоолоос илүү гаргаж тавих, явган хүний замыг хаах боломжгүй. Явган хүний зам руу гаргаад тавьсан машины хажуугаар хүүхдээ тэргэн дээр тавиад түрж яваа ээжид ямар хүндрэл учирдгийг бид мэднэ.

Түүнчлэн зогсоол дээр машин шүргэх эсвэл шүргүүлэх асуудал гардаг. Тийм тохиолдол гаргахгүйн тулд зогсоолыг хэрхэн оновчтой төлөвлөх талаар бид олон улсын туршлагыг судлан, хэрэгжүүлж байна.

Мэдээж хэрэг гэрэлтүүлэг маш сайн, камержуулалт бүрэн хийгдсэн учраас зогсоол дээр гарсан хэрэг, зөрчлийг камерын хяналтаар илрүүлэх боломжтой.

Автомашины хэрэглээг багасгах тал руугаа анхаарч байгаа болохоор дугуйн хэрэглээг дэмжиж дугуйн зогсоолууд мөн хийсэн.

Автомашины эко, зохистой хэрэглээг дэмжиж цахилгаан машин цэнэглэх станц цаашид байрлуулахаар ажиллаж байна.

Манай баг хамт олны авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг багасгах зорилгоор өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа санаачлагыг төрийн байгууллагууд, оффис, үйлчилгээний газрууд, иргэд минь идэвхтэй дэмжиж, хамтарч ажиллаарай хэмээн уриалмаар байна.

Бидэнтэй 7714 4411 дугаар, фэйсбүүк хуудас, и-мэйл/info@ubparking.mn/ гэх мэт бүхий л сувгаар холбогдох боломжтой. Олон талууд энэ төсөл дээр хамтарч ажилласнаар төслийн үр дүн төдий чинээ өндөр болж нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан нэг ч гэсэн асуудлыг шийдэх боломж нээгдэнэ хэмээн харж байгаа.

- Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.