Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Цацрал: Монгол нугараачид дэлхийд №1 гэж үнэлэгддэг

Б.Энхмарал, iKon.mn
2019 оны 6 сарын 11
iKon.MN

Шүдэн дээрээ тогтох үзүүлбэрээр дэлхийн Гиннесийн амжилтыг эзэмшдэг, Лас Вегас хотын “Нарны цирк”-ийн жүжигчин Э.Цацралтай ярилцлаа. Тэрбээр 2013 онд уран нугаралтын шүдэн дээрээ тогтох үзүүлбэрээр Гиннесийн шинэ дээд амжилтыг тогтоосон юм.


 
Гэрэл зургийг хувийн архиваас

-Одоо ямар циркт харьяалагдан ажиллаж байгаа вэ?

-АНУ-н Лас Вегас хотод байрладаг “Нарны цирк”-т ажилладаг. Манай цирк 35 жилийн түүхтэй бөгөөд зургаан сууринд өдөр болгон шоу хийдэг. Тэдгээр шоуны нэг болох Зуманити гэх шоунд харьяалагдаад одоо тав дахь жилдээ ажиллаж байна.
 
-Хэдэн настайгаасаа, ямар багшийн удирдлага дор нугарч эхэлсэн бэ?
 
-Анх би дөрвөн настайгаасаа ааваараа заалгаж нугарч эхэлсэн. Манай аав “Нугараач хүн ийм байдаг юм байна” гэж зурагтаар харж байгаад л харсан зүйлсээ надад заадаг байсан. Бараг хоёр жил гаруйн хугацаанд ааваараа заалгаад, дараа нь мэргэжлийн багшид шавь орсон. Би Эрдэнэтэд төрж өссөн болохоор Эрдэнэтийн Дэлгэрцэцэг гэх нугаралтын багшаар жил шахам заалгаж, хичээллэсэн. Дараа нь Монгол Улсын циркийн нугаралтын гурван том багшийн нэг болох Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн багшид шавь орсон.
 

 
Гэрэл зургийг хувийн архиваас

-Тэгвэл энэ урлагтай анх холбосон хүн аав тань юм байна. Аав тань урлагийн хүн үү? Гэр бүлийнхээ талаар товч танилцуулахгүй юу?
 
-Манай аав урлагийн хүн биш. Эрдэнэт үйлдвэрт том машин барьдаг хүн байсан. Ээж маань дизайнер мэргэжилтэй. Аав маань анх уран нугаралттай холбогдох зам, зүг чиг бүхий л зүйлийг минь зааж өгсөн.
 
-Гиннесийн амжилтыг эвдэж байсан үеэ дурсахгүй юу. Яг тэр мөчид юу бодогдож байв?
 
-Одоогоос зургаан жилийн өмнө юм байна, Унгарт тоглолтоор явж байхдаа өөрийн анхны амжилт болох 2 минут 34 секундийн амжилтыг тогтоож байсан. Миний өмнө Оюунгэрэл гээд монгол эмэгтэй яг энэ төрлөөр 55 секунд тогтсон байсан амжилтыг эвдсэн. Түүнээс жилийн дараа Туркийн Истанбул хотод болсон Гиннесийн дээд амжилтыг бүртгэх нэвтрүүлгээс “Та өөрийнхөө энэ амжилтыг эвдэж чадах уу?”  гэсэн санал ирсэн. Би анх энэ рекордыг тогтоож байхдаа л үүнийгээ дахин эвдэнэ гэдгээ мэдэж байсан. Нэг ёсондоо төлөвлөгөөтэй байсан гэх үү дээ. Тэгээд “Guinnes world records” нэвтрүүлэгт оролцон өмнөх амжилтаа бараг хоёр дахин ахиулж, 4 минут 17 секунд болгон шинэчлэн тогтоосон.
 
-Энэхүү амжилтыг тогтоохын тулд хэр удаан хугацаанд хөдөлмөрлөж бэлтгэл хийсэн бэ?
 
-Д.Мажигсүрэн багш маань шүдэн дээрээ тогтох техникийг анх дэлхийд гаргаж байсан. Тийм болохоор бэлтгэл хийх бүрдээ л тодорхой хэмжээнд бэлддэг байсан л даа. Тэгээд бодохоор арав гаруй жил бэлдсэн байна. Хамгийн сүүлийн амжилтыг тогтооход жилийн хугацаанд зав гарвал л бэлтгэл хийсэн дээ. Ер нь энэ төрөл их хүнд. Тоглолтын үеэр бол бид ихдээ л 5 секунд орчим хугацаанд шүдэн дээрээ тогтдог. Энэ хугацааг уртасгахын тулд маш шаргуу бэлтгэл хийсэн.
 
-Энэ амжилтыг тогтоосноор амьдралд тань ямар боломжууд нээгдсэн бэ?
 
-Тэмцээн уралдаанд орох бүрт циркчдийн зэрэглэл өсөж байдаг. Миний хувьд аль хэдийнээ 3-4 тэмцээнд явсан, зэрэглэл дээгүүр жүжигчин байсан. Харин энэ тэмцээнд оролцсоноор циркийн ертөнцөд хүмүүс намайг таньж эхэлсэн. Үүнийг дагаад үнэлэмж маань хүртэл өссөн. Би бүр нугарч эхэлж байхдаа л “Нарны цирк” компанид ажилд орно хэмээн мөрөөддөг байсан. Намайг энэ амжилтыг эвдсэний дараа  мөрөөдлийн компаниас маань ажилд орохыг урьсан. Энэ амжилтыг эвдсэн маань миний амьдралыг 360 градус өөрчилсөн.
 

 
Гэрэл зургийг хувийн архиваас
 
Гэрэл зургийг хувийн архиваас
 
Гэрэл зургийг хувийн архиваас

-Монголын уран нугараачдын чадвар чансаа дэлхийд хэрхэн үнэлэгддэг вэ?
 
-Манай монгол нугараачид дэлхийд номер нэг гэж үнэлэгддэг. Яагаад гэвэл бид техник сайтай, уян хатан, тайзан дээр мэргэжилийн байж чаддаг, хамтлагаараа ч үзүүлбэр үзүүлчихдэг. Түүнчлэн “Нарны цирк” бол дэлхийд номер нэг цирк бөгөөд энд монгол нугараачид маш том орон зай эзэлдэг. Бараг 15 жүжигчин бий. Гэтэл гадаадын  нугараач охин дөрөв тавхан, ер нь ховор.
 
-Монголд уран нугаралтыг хэр дэмждэг вэ? Энэ чиглэлээр эх орондоо ажиллана гэвэл хүндрэл бэрхшээл байгаа юу?
 
-Монголд наад зах нь бэлтгэл хийх байр байдаггүй. Бид өөрсдөө мөнгөө гаргаад л бэлтгэлээ хийнэ. Бэлтгэлээ хийсэн ч хаана байнгын тоглолттой байх уу, үзвэр үйлчилгээний газар ховор. Цирк маань одоо цирк байхаа больчихсон, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоор бид сайн дурын уран бүтээлчид болчихсон.
 
Байнгийн бэлтгэл сургуулилалттай байх ёстой бидэнд энэ бүхэн их хүндрэлтэй. Тоглолт олдсон ч үнэлгээ их бага. Америкт нэг удаагийн тоглолтын буюу таван минутын үзүүлбэрийн үнэлгээ 1,000 ам.доллараас эхэлдэг. Гэтэл Монголд 50,000 төгрөгөөс эхэлнэ. Олон техник хэргэсэл авч очоод хэдэн цаг бэлдэж байгаад гарч нугарна. Гэтэл заримдаа хүмүүс нь мөнгөө өгөхгүй гэх мэтчилэн олон асуудал тулгардаг.
 
Хамгийн гол нь монголчууд циркийн урлагийг нэг их үзэхээ больчихсон. Ерөнхийдөө энэ урлагийг мартаад, төр засгаас дэмжихээ больчихсон юм шиг санагддаг. Ядаж бэлтгэл хийх байртай болгоод өгчихвөл арай өөр байх байсан болов уу.
 
-Уран нугаралтыг монголчууд л хийдэг байсан бол сүүлийн үед хятад нугараачид мундаг үзүүлбэрүүд тайзнаа тавих болсон. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
 
-Мэдээж хятадууд сайн л даа. Мундаг байгаа. Гэхдээ тэд бидний бичлэгийг үзэж, бидний техникийг сурдаг. Зарим нь бүр холоос зорьж ирээд заалгадаг. Хэдийгээр ингэж ирээд заалгаад, мундаг гарч ирж байгаа ч олон жил нугарах нь ховор. Мөн маш удаан сурдаг. Манай монгол охид илүү тэвчээртэй, тууштай, хурдан сурдаг. Миний бодлоор энэ монголчуудын онцлог болов уу.
 
-Уран нугараач хүний амьдралын хэв маяг ямар байдаг вэ? Өөрийн нэг өдрөөс хуваалцаж болох уу?
 
-Уран нугараач хүн маш хатуу дэглэм барьдаг. Тухайлбал, тамирчид тэмцээнтэй үедээ л жиндээ байх гэж дэглэм барьдаг бол бидний хувьд өдөр болгон тайзан дээр гарч, энэ урлагийг олон хүнд хүргэдэг тул байнгын дэглэм барьдаг. Өглөө босоод хоолоо тааруулж иднэ. Тэгээд бэлтгэлээ хийнэ. Бэлтгэлийнхээ дараа дахиад цаг гучин минут орчим фитнессийн дасгал хийж, биеийн сул байгаа хэсгүүдээ чангална. Тэгээд нүүрээ будаад орой долоон цаг болон есөн цаг гучин минутаас хоёр шоунд ордог. Үзэгчдийн шаардлага ч өндөр. Тайзан дээр биеэ зөв авч явах, гоё бие галбиртай байх, алхаа гишгээгээ тохируулах, тайзан дээр алдахгүй байх гээд хариуцлага өндөртэй. Ерөнхийдөө робот шиг байдаг гэх юм уу.
 
-Өөрийн цаашдын ирээдүйгээ хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ?
 
-Жүжигчин байхаа больсон ч цаашдаа энэ цирктээ илүү олон жүжигчин авч ирж ажиллуулдаг, сонгон шалгаруулагч, мөн мэдээж найруулагч болох хүсэл мөрөөдөлтэй. Үүнийхээ дагуу ганц нэг ажил хийгдээд явж байгаа. Түүнээс гадна нөхөртэйгөө хамт эрхэлдэг гэр бүлийн бизнес болох аяллын компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой авч явна. Тэгээд л нөхөртэйгөө хамт хүүхэдтэй болоод л өнөр өтгөн амьдарна гэж боддог. \инээв\
 
-Эх орондоо хэзээ буцаж ирэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
 
-Бид хоёр ойрын 5-10 жил Монголдоо буцах төлөвлөгөөгүй байгаа. Учир нь сурахын зэрэгцээ компанийнхаа үйл ажиллагааг сайжруулах гээд төлөвлөсөн ажлууд бий. Гэхдээ мэдээж жил бүр эх орондоо очиж гэр бүлийнхэнтэйгээ байдаг.