Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах бол аравдугаар сар хүрнэ"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг гурван асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, ажлын хэсэг байгуулах зэрэг асуудал юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын 64 гишүүн өргөн барьсан. Хуулийн төслийг энэ долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Иймд бүлгийн хуралдаанаар авч хэлэлцэж, бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Гэхдээ гишүүд МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух зарчмаар явуулна гэж оруулсан учраас санал авах нь зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ, харин батлахдаа ард нийтээс санал авах нь зөв гэж шийдвэрлэсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үе шат нь энэ долоо хоногоос эхэлж, ард нийтээс санал асуулга авна гэж үзвэл аравдугаар сар хүртэл үргэлжилнэ

Дараагийн хэлэлцсэн асуудал бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт байлаа. Өнгөрсөн тавдугаар сарын эхээр бүлгийн хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцээд, Бүлгийн дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг сар шахам ажиллаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үнэлгээ, дүгнэлт, цаашид анхаарах ёстой шийдлүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргах нь зөв гэж үзлээ.

Гурав дахь асуудал нь өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хориг тавьж, УИХ хүлээж авсан. Хориг тавьсан учраас төсөл бэлтгэх ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсгийг Х.Нямбаатар гишүүн ахалж ажиллахаар болсон” гэв.

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хаврын чуулган хугацаандаа завсарлаж чадах уу?

Д.Тогтохсүрэн:-Хаврын чуулганаар Үндсэн хуулийг хэлэлцэнэ. Үндсэн хууль нь дөрвөн хуулиар зохицуулагддаг. Хуулийн төслийг хэлэлцэх хугацааг авч үзэхээр хаврын чуулганд багтахгүй. Хэлэлцэж байгаад хаврын чуулганаа хааж, ээлжит бусаар хуралдах шаардлага үүсч байна. Ард нийтээр хэлэлцүүлэхгүй УИХ баталлаа гэж үзэхэд долоодугаар сарын 25 хүрнэ. Санал асуулга авлаа гэж үзэхэд аравдугаар сар гарах байх. Бүлгийн хурлаар гишүүд ард нийтээс санал авах нь зөв гэдэгт санал нэгдсэн. 

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт одоо хэдэн хувьтай байна вэ?

Я.Содбаатар: -2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг нэлээд нарийн дүгнэж байгаа. Засгийн газар анх ирүүлэхдээ 50.4 хувийн биелэлттэй байна гэж үзсэн. ЗГХЭГ анх 68 хувийн биелэлттэй ирсэн. Яг бодитой газар шорооны ажил эхлээд хүний гарт баригдахаар ажлуудыг хийсэнд тооцож дүгнэлтээ гаргасан. Өмнөх парламентын дүгнэдэг жишгээр авч үзвэл 60 гаруй хувьтай байгаа юм.

Хэдийгээр ТЭЗҮ хийгдсэн ч хэрэгжих хугацаа нь 2020 оны нэгдүгээр сараас гэж байгаа бол 0 хувийн биелэлттэй гэж үзсэн. Гурван чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт харьцангуй сайн байна гэж гарсан. Макро эдийн засгийн үзүүлэлт эрс сайжирсан.

Тухайлбал, ДНБ-ий өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол 2018 оны жилийн эцсээр 6.9 хувьтай,  2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 8.6 хувьтай гарч байна. Гадаад валютын нөөц 2016 оны долдугаар сард 1.2 тэрбум байсан бол энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрсэн, төсвийн тэнцэл 2016 онд 3 их наядаар тасарч байсан бол энэ онд нэмэх гарсан.

2016 онд 18 цэцэрлэг ашиглалтад оруулж байсан бол 2019 онд 132 сургууль ашиглалтад оруулах гэж байна. Харин 2016 онд 15 ЕБС ашиглалтад оруулж байсан бол 2019 онд 63-ыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. 

-Үндсэн хуулийг хэлэлцэхэд шаардлагатай зардлын талаар мэдээлэл өгнө үү?

Д.Тогтохсүрэн:-Одоогоор зардлын асуудал яригдаагүй, хуулийн төслийг дөнгөж өргөн бариад байна. Мэдээж ард нийтийн санал асуулга явуулбал зардал гарна. Үүнтэй холбоотой асуудлыг СЕХ, УИХ-ын Тамгын газраас бэлтгэж байгаа. УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ.