Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан ордны ерөнхий төсөвлөгч Хуавэйн хоригийг хоёр жилээр хойшлуулах хүсэлт гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанид тавих хоригийг хоёр жилээр хойшлуулах хүсэлтийг Цагаан ордны ерөнхий төсөвлөгч Рассел Воут гаргасан байна.

Тэрээр өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс болон конгрессийн есөн гишүүнд бичсэн захидалдаа энэ хүсэлтийг илэрхийлжээ.

Рассел Воут нь Хуавэй компанид тавих хоригийн эхлэх хугацааг хоёр жилээр хойшлуулахыг хүссэн шалтгаанаа “үндэсний аюулгүй байдлын бодлого, зорилтуудын хэрэгжилтэд саад учруулахгүйн тулд” гэж тайлбарласан байна.

Өнгөрсөн онд гаргасан хуулийн дагуу 2020 оны төсвөөс эхлэн Пентагон худалдан авах тоног төхөөрөмж, техниктээ Хуавэй компанийн бүтээгдэхүүнүүдийг багтаахыг хориглосон юм. Уг хориг Трампын засаг захиргааны бүх яам, агентлагууд болон тэдний ханган нийлүүлэгчдэд үйлчлэх ёстой.

Гэтэл хориг ирэх оноос хэрэгжиж эхэлбэл АНУ-ын засгийн газарт шаардлагатай эд зүйлсийг ханган нийлүүлэгчдийн тоо эрс буурахаар байгааг захидалд өгүүлжээ.

Хуавэй компани нь дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч бөгөөд АНУ-ын олон компанийн бизнес, үйл ажиллагаа тус компаниас хамааралтай байдаг нь эндээс харагдаж байна.

 

Эх сурвалж: Reuters