Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн олон зуун мянган иргэн Хятадад гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийг эсэргүүцэж жагсав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт Хонг Конгийн гудамжинд том хэмжээний тайван жагсаал болсон нь тус хотын гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийг эсэргүүцсэн агуулгатай байжээ.

Зохион байгуулагчид нь уг жагсаалд нэг сая орчим хүн буюу нийт иргэдийн долоон хүн тутмын нэг нь оролцсон гэж мэдээлсэн байна. Харин цагдаагийн газар 240,000 хүн оролцсон гэж мэдээлжээ.

Хэрэгтэн шилжүүлэх хууль хэрэгжсэнээр Хонг Конгийн иргэдийг эх газрын Хятадад шүүх болж байгаа нь тэмцэгчдийн санааг зовоож байна. Хятадын шүүхийн ажиллагаа ил тод биш, хүний эрхийн хамгаалалт сул гэж тэд шүүмжилж байгаа юм.

Хонг Конг бол хагас бие даасан засаг захиргаатай Хятадын газар нутаг. 150 жилийн турш Британийн колони байсны эцэст 1997 онд Британиас Хятадад буцааж өгсөн газар нутаг юм. Хятад, Британийн эрх баригчид Хонг Конгийг 2047 он хүртэл бие даасан хууль, эрх зүйн системтэй байлгах тохиролцоог хийсэн байдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид Хонг Конгийн бие даасан байдалд халдаж эхэлсэн нь иргэдийг бухимдуулж байгаа. Хонг Конгийн удирдагчдын сонголтод эх газрын Хятадаас нөлөөлөх болсны улмаас 2014 онд “Шүхэртэй хувьсгал” хэмээх томоохон тэмцэл дэгдэж байсан юм.

Саяхан Хонг Конгийн нэгэн тэрбумтан Хятадад саатуулагдаад сураггүй болсон. Коммунист намыг шүүмжилсэн агуулгатай ном хэвлэж худалдаалдаг байсан иргэн мөн баривчлагдсаныхаа дараа сураггүй болсон зэрэг үйл явдал нь Хонг Конгийн хууль, шүүхийн системд Бээжингээс нөлөөлж эхэлснийг харуулж байна.

 

Эх сурвалж: The Wall Street Journal