Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны иргэд өнөөдөр Назарбаевын залгамжлагчийг сонгоно

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Казахстан улсын иргэд сүүлийн бараг 30 жилийн хугацаанд анх удаа Назарбаевгүй сонгуульд саналаа өгөх гэж байна.

Гэсэн хэдий ч өмнөх удирдагчийн нэр нөлөө буурахгүй, түүнээс ялгарах юмгүй хүнийг сонгох нь гарцаагүй болжээ.

78 настай Назарбаев гуравдугаар сард ерөнхийлөгчийн суудлаас огцрох гэнэтийн шийдвэр гаргасан. 1991 онд ЗХУ-ыг задарснаас хойш Казахстаныг завсаргүй удирдсан тэр парламентын спикер Касым Жомарт Токаевыг залгамжлагчаараа томилсон юм.

Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Токаев өмнөх эзэнд үнэнчээ харуулж, хамгийн түрүүнд улсын нийслэл Астанагийн нэрийг Нур-Султан болгон өөрчилсөн байна.

Ингэхдээ тэр олон нийтийн саналыг огт тусгаагүй юм. Дөрөвдүгээр сард Токаев ээлжит бус сонгууль зарласнаа “эрх мэдэл шилжүүлэх үйл явцын эргэлзээг арилгах зорилготой” гэж тайлбарласан байна.

Өнөөдөр түүнтэй зургаан хүн өрсөлдөж байгаа. Гэхдээ тэдний хэн нь ч хүчтэй өрсөлдөгч биш, бэлгэдлийн төдий нэр дэвшигчид байна.

Энэ хооронд Назарбаев эрх мэдлээ баталгаажуулсаар байгаа. Тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч Нур Отан намын дарга хэвээр байна. “Елбасы” буюу үндэстний эцэг алдрыг зүүх болсон Назарбаев өнгөрсөн сард тус улсын баялгийн сан дахь хяналтаа нэмэгдүүлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Казахстан даяар иргэдийн эсэргүүцэл, бухимдал нэмэгдэж байна.

Нийслэлийн нэрийг солихыг эсэргүүцсэн өргөдөлд 40,000 орчим хүн гарын үсэг зуржээ. Өнөөдөр болох сонгуулийг хууль бус, бусад өрсөлдөгчдөд бэлдэх боломж олгоогүй гэж үзсэн тэмцэгчид саналаа өгөхгүй бойкотлохыг иргэдэд уриалж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд газрын тосны үнэ унаж, хөрш ОХУ-ын эдийн засаг өрнөдийн хоригт орсноор Казахстаны эдийн засаг сулраад байгаа нь иргэдийн бухимдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.

Казахстаны Сонгуулийн Төв комисс энэ удаагийн сонгуулийг нээлттэй, шударга явуулахаа амлаж байгаа. Гэвч Токаевыг 72.7 хувиар ялна гэсэн урьдчилсан таамгийг тус комисс гаргажээ.

Ням гарагийн сонгуулийн өмнөхөн “Wake up, Kazakhstan” нэртэй хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Хөдөлгөөнийг санаачлагчид өмнө нь олон удаа эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж, баривчлагдаж, шийтгүүлж байсан идэвхтнүүд юм.

Улс орныхоо зохион байгуулалттай эрх мэдэл шилжих үйл явцыг эсэргүүцсэн хөдөлгөөнийхөн уриалга видеог интернэтээр тараасныг олон мянган хүн үзээд байна.

“Ганцхан өдрийн дотор нийслэл хотынхоо нэрийг иргэдээсээ асуулгүй сольдог оронд би сэрлээ” гэж жүжигчин, тэмцэгч Ануар Нурпеисов уг бичлэгт ярьжээ.

Эх сурвалж: Associated Press