Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн эмэгтэйчүүдийн талаарх 10 БАРИМТ

Б.Болормаа, iKon.mn
2019 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

“Fact Box”-оос Мөнгөний хүч , өнөөгийн эмэгтэйчүүдийн амьдралын тухай 10 баримт гаргажээ.

Канад улсын Ванкүвер хотноо энэ сарын 3-наас эхэлсэн Эмэгтэйчүүдийн бага хурлаар хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, цалингийн ялгаа, боловсролын боломжууд болон эмэгтэйчүүдэд тулгамдаж буй бусад өргөн хүрээний асуудлыг мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид хэлэлцэж байна.



Тэгвэл өнөөгийн эмэгтэйчүүдийн талаар 10 шинэ баримтыг Дэлхийн эдийн засгийн форум FactBox онцолж байгааг хүргэе.

НЭГ. Эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин бага орлоготой

Дэлхийн эдийн засгийн форумын 2018 онд хийсэн эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн орлогын зөрүүтэй байдлын талаарх судалгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин бага орлоготой буюу орлогын зөрүү 51%-тай байна. Одоогийн байдлаар хэвээр үргэлжилбэл орлогын энэхүү зөрүүг арилгахад 108 жил, эдийн засаг дахь жендерийн харьцааг тэгшитгэхэд 202 жил шаардлагатай хэмээн тооцоолжээ.

ХОЁР. Томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын 7% нь л эмэгтэй

Fortune сэтгүүлд бичсэнчлэн АНУ-ын ашиг орлогоороо тэргүүлдэг 500 компанийн удирдах албан тушаалтнуудын ердөө 7.0% хүртэлх нь л эмэгтэйчүүд байгаа юм. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны 5% гэсэн үзүүлэлтийг бодоход хамгийн дээд түвшиндээ хүрсэн тоо юм.

ГУРАВ. 17 улсын төрийн тэргүүн нь эмэгтэй 

Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр 2018 онд ердөө 17 эмэгтэй төрийн тэргүүнээр ажиллаж байв. Харин сайдын түвшний албан тушаалын 18%, парламентын гишүүдийн 24% нь эмэгтэйчүүд байжээ.

ДӨРӨВ. Гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна

Дэлхийн хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг НҮБ-аас  гаргажээ. Амь насаа алдсан хоёр эмэгтэй тутмын нэг нь хамтран амьдрагч болон гэр бүлийн гишүүнийхээ гарт өртсөн байдаг аж.

ТАВ. 87,000 эмэгтэй золиос болсон

НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх албанаас 2017 онд 87,000 эмэгтэй хүн амины хэргийн золиос болсон хэмээн судалгаа гаргасан. Тэдний талаас илүү хувь нь гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчийнхаа гарт амь насаа алджээ. Африкт энэхүү эрсдэл хамгийн өндөр байдаг бол Европт харьцангуй бага тохиолддог байна.

ЗУРГАА. Бэлгийн хүчирхийлэл өндөр байна 

Европын холбооны гишүүн орнуудын эмэгтэйүүдийн 45-55% нь 15 наснаасаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн Европын холбооны Суурь эрхийн агентлагийн гаргасан тоо байна.

ДОЛОО. Хүний наймаа эмэгтэйчүүдэд заналхийлж байна

Дэлхийд хүний наймаанд өртсөн 10 хүн тутмын долоо нь охид, эмэгтэйчүүд байдаг. Тэдгээрийн дийлэнх нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалагдаж байгааг НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх албанаас мэдээлсэн байна.

НАЙМ. 200 сая эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн 

Хамгийн багадаа 30 орны 200 сая эмэгтэй бэлгийн хүчирхийллээс болж зэрэмдэглэгдсэн болохыг НҮБ-ын хүүхдийн сангаас мэдээлжээ. UNICEF-ийн тайлангаар Сомали, Гвиней, Жибути улсын охид эмэгтэйчүүдийн дунд энэ нь маш өндөр хувьтай байгааг хэлсэн байна.

ЕС. 3.4 сая охид хуримлажээ

Дэлхийн банкны мэдээгээр хүүхдийн гэрлэлт нь Сахар орчмын Африкт хамгийн өндөр буюу жил бүр 3.4 сая охид хуримладаг байна. Дэлхийн хэмжээнд 2005 онд 13 сая охид гэрлэсэн бол 2017 онд 11 сая болж буурчээ.

АРАВ. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмж ижил тэгш бус байна

Дэлхийн улс орнуудын 60%-д нь л эмэгтэйчүүд  санхүүгийн үйлчилгээг эрчүүдтэй адил авдаг бөгөөд 42%-д нь газар эзэмшлийн хувьд ижил байгааг Дэлхийн эдийн засгийн форум онцолжээ.