Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Улсаа нэг тойрог болгон сонгууль явуулах тухай УИХ-ын гишүүд юу хэлэв

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 8
iKon.MN

Ирэх сонгуулиар Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болох хуулийн төслийг боловсруулж буйгаа эрх баригч нам мэдэгдлээ. Товчхондоо улс даяар нэг тойрог болсноор бүх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоно.  

Тогтолцооны хувьд томсгосон мажоритар системээр ирэх сонгуулийг явуулахын сайн болон муу талуудыг гишүүд нэрлэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний уншиж судалснаар 76 хүний нэрийг гаргаад та энэ дотроос хамгийн дуртай нэг хүнээ сонго гэвэл 76 хүн сонгогдож гарч ирэх боломжгүй. 

Яагаад гэвэл Монголд маш их нэр хүндтэй хоёр аймар хүн байгаа. Нэг нь мотоцикль унадаг хүн. Нөгөө нь Найрамдал зусланд ах, эгч, дүү нар нь байдаг хүн. 

 

Тэр хоёр хүн 1.5 сая сонгогчийн саналыг 500, 500 мянгаар нь авчихна. Үлдсэн 500 мянгыг МАНАН мафийн бүлэглэлийг нэг өдрийн дотор устгасан шударга таван гишүүн авчих байх. Тийм аймар хүмүүс 1.5 сая сонгогчийн саналыг хуваагаад авчихна. 

Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гэж байгаа. Тэгэхээр тэр 76 гишүүн нь бүрдэхгүй гай болох болов уу гэж санаа зовж байна. Дахин сонгууль явуулъя гэхээр ард нь дахиад мундаг таван хүн байгаа. Тэгэхээр энэ боломжгүй юм. 

Харин  хуулиар шийдэх нэг арга байна. Өмнө нь нам дугуйлаад, авсан саналыг хувилан Их хуралд суудал оноож байсан. Гэтэл тэр нь Үндсэн хууль зөрччихөж. Яагаад гэвэл хүн дугуйлах ёстой гэсэн. 

Тэгвэл намууд ганц лидерээ гаргаж тавиад, Ерөнхийлөгчийн сонгууль шиг энэ хэдээс л дугуйл гээд 4-5 хүний нэр өгчихмөөр байгаа юм. Түүнээс хамгийн өндөр санал авсан нь сонгогдоно. 

УИХ-ын гишүүн Чойжилсүрэн: Би энэ асуудалдтай сайн танилцаж амжаагүй байна. Ер нь эерэг, сул тал аль аль нь л гарна. 
Жишээ нь, би тойргоос гурван удаа сонгогдсон. Би сонгогдсон тойргийнхоо ард түмэнд юу шаардлагатай байгааг илүү мэдэрдэг. Нуух юм алга, би тойргоо бүхнээс урд тавьж явдаг. 

 

Одоо есөн дүүрэг, 327 сум нийтдээ нэг тойрог гээд явах юм бол сонгогчдоосоо гишүүд нь тасарчих юм биш байгаа. Магадгүй Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болох юм бол бараг л 76 ерөнхийлөгч сонгох гэж байгаа юм шиг юм болно. Тэгвэл нэр дэвшигчид 327 сумаар явж, сонгогчдод хүрч ажиллаж чадах уу. 

Өмнө нь аймаг нэг тойрог гэж явдаг байхад Улаанбаатар хотоос гарч яваад 19 сумаа тойроод буцаад Улаанбаатарт ирэхэд 9,000 км явж, 10-13 хоног зарцуулдаг байсан. 

Тэгэхээр 21 аймгаар бүгдээр тойрох тийм цаг хугацаа гишүүдэд гарахгүй. Шударга, мөнгө муутай хүмүүс сонгогдож чадахгүй юм биш байгаа гэх болгоомжлол байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Муу тал нь гэвэл Монгол Улс нэг тойрог болчихвол тойргоороо явдаг гишүүн байхгүй болох байх.  
Шинэ хүн гарч ирнэ, улс төр цус сэлбэнэ гэдэг ойлголт хүнд болно.  

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Улсыг нэг тойрог болгох саналыг сонгуулийн ажлын хэсгээс оруулж ирж байгаа боловч энэ нь эцсийн шийд биш.  

Ер нь ийм жишгээр сонгууль явуулдаг туршлага зарим оронд байдаг юм билээ. Энэ тохиолдолд сайн тал нь жалгын үзлээр нутгархаж төсвийн мөнгө сандаачихгүй. Улс орны том эрх ашгийн төлөө бүтээн байгуулалт, мега төсөл зэрэгт анхаарч ажиллах эерэг тал бий гэж харж байгаа. 

 

Гэхдээ миний хувьд сул тал нь илүү гэж үзэж байна. УИХ-ын сонгуульд дор хаяж 20 гаруй нам орно. Өчнөөн зуун нэр дэвшигчээс сонгогч ялгаж салгаж сонголтоо хийхэд төвөгтэй. Энэ ер нь боломжгүй хувилбар л даа. 

Түүний оронд бүсээр нь юм уу, аймгийг нэг тойрог болгох зарчмаар сонгуулиа явуулах нь арай илүү болов уу гэж бодож байна. 
Шинэ хүн гарч ирэх боломжийг хаасан, олон сонгогдсон, хүмүүс нэрийг нь мэддэг гишүүдийг л дугуйлаад байх өндөр магадлалтай. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Сонгуулийн хууль дөрвөн жилийн хугацаатай өөрчлөгддөг хууль байх нь улс төрийн тогтворгүй байдал үүсэхэд нөлөөлөөд байна. Ер нь сонгуулийн хуулийг боловсруулахдаа Монголын хөрсөнд буусан, гадны улс орнуудад хэрэглээд үр дүнтэй гэдэг нь батлагдсан арга техникүүдээс суралцах ёстой байгаа юм. 

 

Миний хувьд улс нэг тойрог гэхээр өнөөдөртөө шууд хэрэглэхэд тохиромжгүй гэж үзэж байгаа. Яг бодитоор харахаар сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс даяар явж амжихгүй. Нөгөөтэйгүүр, сонгуулийн санал хураах процесс дээр бид техникийн дэвшлийг бүрэн дүүрэн ашиглах боломж байна уу үгүй юу.

Арай гэж өнгөрсөн сонгуулиар хэн хэдэн хувийн санал авч байна вэ гэдгийг хардаг дэвшилтэт технологи ашигласан. Гэтэл 10 нам сонгуульд оролцоход 760 нэр дэвшигч өрсөлдөнө. Тэр олон хүний саналыг тухайн үед яаж унших уу. Энэ мэт зүйлүүдийг бодитой эсэхийг ялгаж салгаж байж шийдвэр гаргах ёстой. 

Нэр дэвшигчдийн тухайд улс орон даяар явахдаа нэг аймагт өглөөнөөс орой хүртэл л ажилллана. Тийм богино хугацаанд 21 аймаг даяар мөнгө тараахгүй байх сайн тал байгаа гэж харж байна. Улс орон даяар тараадаг мөнгөтэй хүн ч гэж байхгүй байлгүй дээ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Үүнд хариулахын өмнө нэг л юм хэлье. Сонгогчийн боловсролын түвшний тухай асуудал чухал. УИХ-ын 76 гишүүнийг бүрдүүлсэн хүмүүс нь хэн юм бэ. Ард түмэн шүү дээ. Тийм учраас сонголтоо зөв хийх хэмжээнд хүртэл сонгогчдын боловролыг дээшлүүлэх гарцаагүй шаардлага байна. Сонгогчид ерөнхий ойлголттой болсон тохиолдолд ямар тогтолцоо байх нь сонин биш

 
Гэрэл зургийг MPA.mn

Улс нэг тойрог гэдгийн хувьд санхүүгийн асуудалд нөлөөлж чадахгүй байх сайн талтай. Яагаад гэвэл улсын хэмжээнд мөнгө бариад гүйдэг хүн байхгүй болов уу. 

Нөгөө талаас, ард түмэн сайн бодож чадах юм бол масст хэрэгтэй гэж үзсэн хүн гарч ирэх магадлалтай. Ерөнхийдөө улсын хэмжээнд нэлээд танигдсан хүмүүс л гарна. 

Сул тал гэвэл шинэ залуу хүмүүс улс төрд орж ирэх, парламентын цус сэлбэх процесс үндсэндээ байхгүй болно. Ард түмэн энэ 76 хүнийг элдвээр хэлдэг ч гэсэн сайн муугаараа танил болсон хүмүүсээ л сонгох байх. Үүнийг сөрөг тал нь юм болов уу гэж үзэж байна. 

Нэр дэвшигчид 21 аймгаар хөндлөн гулд явах боломжгүй. Тэгэхээр хүн болгон өөр өөрийнхөө тойрог дээр л ажиллана. Энэ тохиолдолд өөрийгөө ямар үнэлэмжтэй хүн бэ гэдгээ харах байх.