Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Захиргааны Ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээж авах шийдвэр гаргалаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дээрх хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавихдаа “Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дахь заалтуудын хамрах хүрээг хэт өргөтгөсөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.а буюу “батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр” гэсэн дэд заалтын хүрээнд батлан хамгаалах чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, тэдгээрийн харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, аюулгүй байдлын салбар дахь Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар УИХ-ын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг бөгөөд УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байна” гэж үзсэн юм. 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болон Хууль зүйн байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцээд, хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад байсан билээ. Харин АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм. 

Ийнхүү УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авснаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох эсвэл өөрчлөх гэсэн зам бий болоод байна.  

Хүчингүй болгосон тохиолдолд өмнөх хуулийг хэвээр нь мөрдөнө. Харин дахин өөрчлөх бол байнгын хороогоор хэлэлцлүүлэх шаардлагагүйгээр шууд чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх боломжтой юм байна.