Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жэф Безос: Ирэх 10 жилд өөрчлөгдөхгүй нь тодорхой зүйлд бүх анхаарлаа төвлөрүүл!

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүн Амазоны Жэф Безос өчигдөр өөрийн компанийн зохион байгуулж байгаа “Amazon Re: Mars” чуулганд оролцохдоо бизнесийн зарим нууцаасаа дэлгэжээ.

Тэрээр бизнесийн стратегийн талаар ярихдаа “Сонирхолтой нь хүмүүс надаас ирэх 10 жилийн хугацаанд ямар өөрчлөлтүүд гарах вэ гэж байнга асуудаг. Харин би тэднийг ирэх 10 жилд юу өөрчлөгдөхгүй вэ гэж асуугаасай гэж хүсдэг” гэсэн байна.

“Бизнесээ төлөвлөхдөө ирэх 10 жилд өөрчлөгдөхгүй хэвээр байх нь тодорхой гэж бат итгэсэн, өнөөдөр ашгаа өгч байгаа, цаашдаа ч өгөх зүйлс дээр бүх хүч, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй” гэж Безос зөвлөжээ.

Тэрээр ингэхдээ Амазоныг жишээ болгон ярьсан байна. Ирэх 10 жилд хүмүүс хямд үнэтэй, өргөн сонголттой, түргэн гэрт нь хүргэгддэг бараа бүтээгдэхүүнийг хүссэн хэвээр байна гэдэгт тэр итгэлтэй байгаа гэнэ.

Тиймээс Безос энэ чиглэлд бүх нөөц бололцоо, хөрөнгө мөнгөө төвлөрүүлж ажиллах стратегитай байгаа ажээ.

“Би Амазонд хайртай. Бараагаа арай удаан хүргэж өгөөч, үнээ бага зэрэг нэмж өгөөч” гэж хэн ч хэзээ ч хэлэхгүй нь тодорхой хэмээн тэр хошигносон байна.

Эсрэгээрээ байнга хувьсан өөрчлөгдөж байдаг зүйлсийг бизнесээ болговол стратегиа ойр ойрхон өөрчилж, шинэ зүйлсийг сурах судлахад их хүч, цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болох бөгөөд үүнийг дагаад эрсдэл нэмэгдэнэ гэж Жэф Безос зөвлөжээ.

 

Эх сурвалж: Business Insider