Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

“УИХ-д байгаа ёс зүйгүй, эрх зүйн чадамжгүй хүмүүсээр Үндсэн хуулийг өөрчлүүлж, Монголын төрөөр тоглуулахгүй”

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын зургаадугаар сарын 6-ны чуулганаар өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэмээн

“Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-аас өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад зориулсан баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль нь Үндсэн хууль зөрчжээ.

Түүнээс гадна энэ удаагийн хуулийн өөрчлөлт нь хүлээгдэж байсанчлан өөрчлөлт авчрах бус өнгөц өөрчлөлт болсон хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Энэ талаарх “Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-ын байр суурийг хүргэж байна.

"Хоёр шаттай парламенттай болж байж өнөөгийн үүссэд буй хүндрэлүүд арилна"

 
Гэрэл зургийг MPA.mn

“Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чалхаажав:

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал бүхэлдээ хуулийн дагуу, нийгмийн бүх бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлсэн баримт бичиг байх ёстой. Тодруулбал, 2011 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах ёстой байтал 2017 онд УИХ Зөвлөлдөх санал асуулга, түүнийг зохион байгуулах тухай хууль баталж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх заалт оруулсан. Тэр заалт нь Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн тул бид Цэцэд өргөдөл гаргасан бөгөөд хянан шалгах ажиллагаа үүсгээд явж байгаа. Ийм байдалтай байхад УИХ өчигдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа ч тэр өөрчлөлт нь төрийн дээд байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалт, харилцан уялдааг сайжруулж, хариуцлага тооцдог, хяналтыг сайжруулахад чиглэх ёстой байсан боловч хяналт, хариуцлагын тогтолцоог иж бүрэн тусгаагүй гэж бид үзэж байна.

Ядаж л хамгийн эхэнд 2007 оны дордуулсан долоон заалтыг өөрчлөх байсан. Үндсэн хуульд орох өөрчлөлт бидний хүсэн хүлээсэн төсөл болж чадсангүй. Хоёр шаттай парламенттай болж байж өнөөгийн үүссэд буй хүндрэлүүд арилна.

"Үндсэн хуулийн амин сүнсийг яаж үгүй хийж буйг мэдэрч, эсэргүүцэж ирсэн"

 
Гэрэл зургийг MPA.mn

“Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвдорж

Зөвлөлдөх санал асуулга, түүнийг зохион байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчиж байгаа гэдгийг бид хоёр жилийн өмнө тавьсан. Учир нь уг санал асуулгаар оруулж буй өөрчлөлтүүд нь өнөөдрийн Монголд үүссэн авлига хээл хахууль, хууль бус ажиллагаа, баялгийн тэгш бус хууваарилалт, хяналтгүй төрийг зогоож чадахгүй юм байна, иргэний хяналтыг төрд оруулж ирж, хямралт байдлыг зогсоох өөрчлөлт болж чадахгүй юм байна гэж үзээд асуудлаа тавьсан. Маргаан үүсэх үндэстэй гэж Цэц үзсэн байгаа.

Бид 2005 оноос Үндсэн хуульд судалгаа хийж, эрдэмтэн мэргэдтэй уулзасаны үр дүнд хоёр танхимтай парламентын засаглал бүхий шинэ Үндсэн хуулийг төслийг боловсруулж, 2017 онд нийт ард иргэддээ хүргэж, соён гэгээрүүлж, УИХ-аас дэвшүүлж байгаагаас өөр хувилбар байгаа юм шүү гэдгийг мэдрүүлэх зорилгоор ном гаргаад нийтэд хүргэсэн.

Энэхүү хуулийн төслөө Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн. Тиймээс бид өчигдөр өргөн барьсан хуулийн төсөлтэй санал нийлэхгүй байгаа.

Бид АИХ-ын депутат, 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж байсан, хоёр нь Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж байсан тул Үндсэн хуулийн амин сүнсийг яаж үгүй хийж буйг мэдэрч, эсэргүүцэж ирсэн.

"Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан гишүүнд эрүү үүсгүүлнэ"

 
Гэрэл зургийг MPA.mn

“Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Нороврагчаа:

Монголын ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөс энэ хязгааргүй эрх мэдэл авсан, дураар дургидаг, идэж завшдаг хүмүүстэй хариуцлага тооцдог болох, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг болохыг л хүсэж байгаа. Гэтэл УИХ хуулийн өөрчлөлт нэрийн дор харин ч эрх дархаа бэхжүүлж байна. 2000 оны дордуулсан 7 өөрчлөлт хууль бус өөрчлөлт гэдгийг Үндсэн хуулийн цэц их суудлаараа шийдээд “Болохгүй” гэсэн байтал өнөөдрийг хүртэл өөрсдөө болно гээд явж байгаа нь Монгол Улс 2000 оноос хойш хууль бус төртэй явж байгааг баталж байна.

Дордуулсан долоон өөрчлөлтөөс ганцхан заалт дурдахад, бидний баталсан анхны хуулиар:

Үндсэн хуулийн 24.1-т УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн, саналаа нууцаар сонгоно гэж байсныг

2000 онд өөрчилж, УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж, УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон нам эвслийн бүлэг тус бүрээр УИХ-ын дэд даргыг сонгоно болгосон.

Эндээс нам эвслийн бүлэглэлийн дарангуйлалд орох эхлэл бий болсон. Монголын төр гаршгүй намаг балчигт шигдэж байна. Энэ балчгаас гарах арга нь Үндсэн хуулийн өөрчлөлт биш, иргэний хяналттай, хоёр танхимтай парламентын тогтолцоонд шилжих явдал гэдгийг бид хатуу хэлж байна.

Тиймээс УИХ-д байгаа, ялтны хэмжээнд хүрсэн ийм ёс зүйгүй, эрх зүйн чадамжгүй хүмүүсээр Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлүүлж, Монголын төрөөр тоглуулахгүй. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулга нэрээр гаргасан асар их зардлыг буруутай этгээдээр төлүүлж, саяын хуулийн төслийг өргөн барьсан гишүүнд “Хууль бусаар төрийн эрхийг булаан авах” гэдэг зүйл анид хамаарагдана гэж үзэж, эрүү үүсгүүлэх зэргээр ширүүн тэмцэх болно.