Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын хурлын үеэр Абэгийн саналыг Ким Жон Унд дамжуулах төлөвлөгөө бүтэлгүйтжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Лхагва, Пүрэв гарагуудад Монгол улсын нийслэлд болж өнгөрсөн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын үеэр Японы төлөөлөгчид ерөнхий сайдынхаа уулзах саналыг Умард Солонгосын төлөөлөгчөөр дамжуулан Ким Жон Унд хүргэх төлөвлөгөөтэй байжээ.

Гэвч энэхүү арга хэмжээнд жил бүр оролцдог байсан Умард Солонгосын төлөөлөгчид энэ удаа ирээгүй тул төлөвлөгөө бүтэлгүйтсэн байна.

Монгол улсын Гадаад харилцааны яамны мэдээлснээр Умард Солонгосын төлөөлөгчид ирэх төлөвлөгөөтэй байсан ч эцсийн мөчид оролцож чадахгүй болсноо мэдэгдсэн гэнэ.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сэдвээр зохион байгуулагддаг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурал нь дипломат харилцаагүй хоёр орны хувьд шууд харилцах ховор боломжуудын нэгт тооцогддог байна.

Японы ерөнхий сайд Абэ Шинзо ямар нэг урьдчилсан нөхцөл тавихгүйгээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах сонирхлоо илэрхийлээд байгаа.

Өмнө нь тус улсын засгийн газар зөвхөн 1970-1980-аад оны үед хулгайлагдсан иргэдээ буцааж авсны дараа яриа хэлэлцээр эхлүүлэх хатуу байр суурьтай байснаа саяхнаас ийнхүү өөрчилсөн юм.

Ким Жон Ун цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээр хийж эхэлснээсээ хойш Өмнөд Солонгос, Хятад, АНУ, ОХУ-ын удирдагчидтай уулзаад байгаа ч өөрийн томоохон хөрш Японы ерөнхий сайдтай уулзаагүй байгаа.

Японы гадаад хэргийн яамны төлөөлөгч “АНУ-тай харилцах харилцаа, яриа хэлэлцээрт нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаагаас тэд яг одоо шийдвэртэй алхам хийхээс зайлсхийж байж болох юм” хэмээн таамаглаж байгаагаа ярьсан байна.

 

Эх сурвалж: Mainichi