Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Украины шинэ, хуучин ерөнхийлөгч нар зохиогчийн эрхийн маргаан үүсгэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгчийн тангараг өргөөд удаагүй байгаа Володимир Зеленский энэ долоо хоногийн эхээр Брюссельд айлчилж, Европын Холбооны удирдлагуудтай уулзсан юм.

Хоёр өдрийн турш Европын Холбоо, NATO-гийн албаныхантай уулзахдаа тэр Украин улсыг өрнөдтэй ойртуулахаа амлаж байв.

Уулзалтын үеэр Зеленский “Украин улс Европын Холбоонд байх нь Оросын эзэнт гүрэн байгуулах төсөлд үхлийн цохилт болох юм. Цаашлаад Оросын авторитар дэглэмд цохилт болохоос гадна Орос болон хуучин ЗХУ-ын нөлөөллийн орон зайд ардчилсан өөрчлөлт гарахад түлхэц болно” гэж хэлсэн тухай албаны мэдэгдэлд дурджээ.

Гэвч энэ үг нь өмнөх ерөнхийлөгч Петро Порошенкогийн хэлсэн үг болохыг түүний талынхан баталсан байна. Порошенкогийн хэвлэлийн төлөөлөгч Святослав Цехолко шинэ ерөнхийлөгчийн хэлсэн үг бүхэлдээ өмнөх ерөнхийлөгчийн хэлж байсан үгнээс хуулсан болохыг баримтаар баталжээ.

Бас Украины зарим иргэд ч Порошенког ийм үг хэлж байсныг твиттер хуудаснаас нь харуулсан байна.

Зохиогчийн эрхийн маргаанд хутгалдсан Зеленскийн талынхан уг асуудлыг шалгахаар болсноо хариу мэдэгдсэн байна.

Украины гадаад хэргийн яамны ажилтнууд Порошенкогийн үед ажиллаж байсан хүмүүс тул Зеленскийн хэлэх үгийг бэлдэхдээ алдаа гаргасан байх гэж одоогийн ерөнхийлөгчийн албаныхан урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Улмаар алдаа гаргасан гадаад харилцааны албан тушаалтнуудад зохих арга хэмжээг авахаа амласан байна.

Порошенкогийн хэвлэлийн төлөөлөгч энэ явдлыг хошигнол болгон “Зеленский ядаж Порошенког сонсдогийг мэдсэн нь сайн хэрэг” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty