Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестиваль "Мишээл экспо"-д эхэллээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийг ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын Мастер тогоочдын холбоотой хамтран Монголд хоёр дахь удаагаа "Мишээл экспо" үзэсгэлэн худалдааны төвд эхэллээ.

Тус фестивалаар “Монгол Үндэстний уламжлалт өв соёл, хоол идээ ундааны соёл”-ыг дэлхийд таниулах зорилгоор үндэсний уламжлалт хоол болох битүү хоолны онцлогийг харуулсан 500 ширхэг сархинаган битүү шөлний үзүүлбэрийг үзүүлэх юм.

Мөн Монгол үндэстний битүү хоолны технологийг “Соёлын биет бус өвд бүртгүүлэх” ажлын суурийг тавьж байгаагаараа онцлогтой.

Өнө эртний баялаг түүхтэй Монгол түмний хоол хүнсээ бэлтгэх арга ажиллагаа, хоол зүйн соёл, хооллох дэг ёс нь өөрийн өвөрмөц онцлогтой, түүхий эд нь хүний бие махбодид шаардлагатай аминдэм, шим тэжээлтэй, эмчилгээ сувиллын ач холбогдолтой.

Дэлхий нийтээрээ даяарчлалд нэгдэн хөгжиж буй өнөө үед Монгол туургатны хоол, идээ, ундаа, тэдгээрийг боловсруулах, хадгалах, нөөцлөх, хэрэглэх уламжлалт аргыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, Монгол орны экологийн  цэвэр хүнсийг олон улсад бодитоор сурталчлахад энэхүү “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийн ач холбогдол оршиж байгааг  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээлтийн үеэр онцлов.

ОХУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Турк, Хорват, Румын, Дани, Гүрж, Сири, Англи, Болгар гэх мэт 20 гаруй улс орны 100-аад тогооч, шүүгч нар оролцож, Ази болон Европ хоолыг үндсэн, амтлаг хоолны нэр төрлөөр “Залуу тогоочдын ганцаарчилсан болон багийн”, “Мэргэжлийн тогоочдын ганцаарчилсан болон багийн” тэмцээнүүдэд оролцож, мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ сорино. Мөн Олон улсын хоолны Мастер шоу үзүүлбэрийг оролцож буй орон бүр танилцуулах аж.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам