Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн балетын урлагт Монголынхоо нэрийг гаргасан хүүгээ хоног тоолон хүлээж сууна"

Б.Болормаа, iKon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг хувийн архиваас

Дэлхийд балетын хамгийн чансаа өндөр тэмцээнүүдэд нэрлэгддэг “World Ballet Grand Prix” тэмцээнээс 19-хөн насандаа алтан медаль хүртэж, балетын урлагт Монголын нэрийг дахин мандуулж буй М.Тэлмэнгийн ээж Б.Ууганцэцэгтэй ярилцлаа. 

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй уг тэмцээнд монгол балетчин анх удаа түрүүлж буй нь энэ бөгөөд тэрбээр удахгүй эх орондоо ирэх юм. 



 
Гэрэл зургийг хувийн архиваас

-ЮНЕСКО-д бүртгэлтэй “World Ballet Grand Prix” тэмцээнд хүү тань түрүүлж, Монгол хүний ур чадварыг дэлхийд алдаршууллаа. Тухайн агшинд төрсөн сэтгэгдлээ хуваалцахгүй юу? 

-Хүүгийн маань олон цагийн хичээл зүтгэл, багшийн маш их хөдөлмөр, аав, ээж, эмээ, өвөөгийнх нь дэмжлэг миний хүүг хүслээ биелүүлэх хүч боллоо. Энэ олон хүний итгэлийг дааж, улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадсан хүүгээрээ бахархаж байна. 
Балетын урлаг хүнийг төлөвшүүлж, тэвчээр суулгаж өгдөг. Хүү минь их даруухан,  нэг ч удаа “ээж ээ больё, хэцүү байна” гэж шантарч үзээгүй. Тэр зан нь амжилтад нь нөлөөлсөн байх.

-Хүү тань хэдэн наснаасаа балетаар хичээллэсэн бэ?

-Манай улсад балетын урлагаар бэлтгэгдсэн эрэгтэй боловсон хүчин ховор л доо. Миний хүү таван настайдаа сургуульд орсон. Дөрөвдүгээр ангиасаа 7-р анги руу дэвшиж, Хөгжим бүжигт орж байсан. Миний хүү чинь гурван дүүтэй, үлгэр жишээч сайн ах нь байгаа юм. 

-Уг тэмцээнд ямар бүжгийн жүжгээр алтан медаль авав?

-Нэрт балетчин У.Бат-Эрдэнэ багш бэлдэж, Дон Кихот балетын Бразил, “Эсмеральдо” балетын Актеоны дүрийг бүтээж алтан медаль, Жоффри балетын сургуулийн 100 хувийн тэтгэлэг авсан. 
Олны хүндэтгэлийг хүлээсэн багшийн дор суралцаж, хүмүүжиж байсан учир гэр бүл маань их найдлага тавьж байсан. Дэлхийн балетын урлагт Монгол Улсынхаа нэрийг гаргасан хүүгээрээ бахархаж, ирэхийг нь хоног тоолон хүлээж сууна.

 
Гэрэл зургийг хувийн архиваас
 
Гэрэл зургийг хувийн архиваас
 
Гэрэл зургийг хувийн архиваас

-Хүүгээ яагаад сонгодог урлагаар хичээллүүлэх болсон бэ?

-Анх хүүгээ бүжигчин болгох бодолгүй байлаа. Гэтэл Мэнд-Амар гэж бүжигчин найз маань зөвлөж, өөрөө Хөгжим бүжгийн коллеж руу дагуулж яваад шалгуулж байсан. 
Балет гэдэг урлаг эцэг, эхийн удамшил, бие бялдраас харгалздаг. Холболт, хэмнэл, бие бялдар, ерөнхий эрдмийн шалгалтууд гээд олон шалгуур давж,  Хөгжим бүжгийн коллежид орсон. Ингээд 2017 онд сургуулиа алтан медальтай төгссөн. Миний хүү чинь гэр бүлийнхээ бахархал нь байгаа юм.

-Танай гэр бүлд бүжгийн, эсвэл өөр урлагийн хүн байдаг уу?

-Би өөрөө бүжигчин. Хүү маань миний мэргэжлийг залгамжлан, удам дамжсан бүжигчин болсон учраас  бид боломжоороо дэмжиж, зуны амралтаар нь Калифорнийн урлагийн их сургуульд явуулж, энэ чиглэлээр нь мэргэшүүлэх, англи хэлийг нь  сайжруулахад илүү анхаардаг байсан.

-Тэгвэл таны хүүгийн энэ амжилт таниас эхтэй байх нь ээ?

-Хөгжим бүжгийн консерватораас эхлэлтэй гэж би боддог. Сургууль гэдэг орчин бол хүний бүх амжилтын үндэс суурь байдаг. Хөгжим бүжгийн  консерватор бол Монгол Улсдаа хамгийн том урлагийн сургууль. Миний хүү сургуульдаа “нисдэг Тэлмэн” гэдэг хочтой байлаа. Хүү минь хөгжим бүжгийн коллежид үеийнхнээсээ насаар  бага, бие жижигтэй ч илүү өндөр үсрэлт хийж, гараа өндөр өргөж байж гоё харагдана хэмээн өөрийнхөө дутууг гүйцээж, өөртэйгөө их ажилладаг байсан. Балетын урлагт чин сэтгэлээсээ дурлаж, өөрийгөө зориулахаар шийдсэн хүүхэд.

 
Гэрэл зургийг хувийн архиваас
 
Гэрэл зургийг хувийн архиваас
 
Гэрэл зургийг хувийн архиваас
 
Гэрэл зургийг хувийн архиваас

-М.Тэлмэнгийн бусад амжилтаас та хуваалцахгүй юу?

-Арван наснаасаа эхлэн Хятад, Монгол театруудын хамтарсан тоглолтуудад оролцож  байсан. Багш нарт даатган явуулдаг учраас эрт бие даасан. 2016 онд Монгол үндэсний балетын анхдугаар уралдаанд III байр, 2015 онд Солонгост зохион байгуулагдсан Азийн  балетын тэмцээний хоёр төрөлд шагнал хүртсэн. Ганцаарчилсан төрөлд “Гран при”, хосолсон төрөлд II байранд шалгарч байсан.

Сургуулиа төгсөөд хүү маань У.Бат-Эрдэнэ багшийн урилгаар АНУ-д Киров балетын академид суралцахаар болсон.

Энэ гайхалтай багшийн шавь болсонд хүүгээрээ их бахархаж байна. Сонгодог урлаг бол маш хэцүү, хүнээс хүч хөдөлмөр их шаарддаг. Өөрийн залгамж халааг дэлхийн хэмжээнд бэлтгэн, сурган хүмүүжүүлж байгаад ээж хүний хувьд, бас бүжигчний хувьд У.Бат-Эрдэнэ багшдаа талархаж явдаг. Цаашдаа миний хүү шиг олон боловсон хүчнийг бэлтгэж гаргаарай гэж хүсье. 

-Хүү тань цаашдаа ямар зорилго тавьсан талаараа ярьдаг уу?

-Багш шигээ дэлхийд танигдсан алдартай балетчин болно гэж өөрөө хүсдэг. Бүжигчин хүн бол ганцхан бүжиг бүжиглээд зогсох биш, Монгол Улсдаа сонгодог урлагийг таниулах үйлийг олон хийх байх гэж ээж нь итгэж байна. Ирээдүйд дэлхийн томоохон тэмцээнийг багш нар болон үе үеийн алдартнуудтай хамтарч хийхийг зорьж байгаа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

-Хар бараан зүйлсээр дүүрэн нийгэмд гэгээлэг мэдээллээр цэнэглэж байгаа та бүхний ажилд амжилт хүсье.