Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин D-Day ажиллагааны ойд уригдаагүйдээ “гомдоогүй” гэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд 75 жилийн өмнө Францын хойд эрэгт болсон D-Day ажиллагааны ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

1944 онд зургаадугаар сарын 6-ны шөнө Британиас холбоотны цэргүүд Францын Нормандын эрэгт бууж, Баруун Европыг Нацист Германаас чөлөөлөх байлдааны ажиллагаа эхэлж байжээ.

Энэ удаагийн арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг уриагүй юм. Тэр 2014 онд 70 жилийн ойд уригдаж байв.

Санкт Петрбург хотод болж байгаа эдийн засгийн чуулганы үеэр Путин хэлэхдээ D-Day ажиллагааны 75 жилийн ойд уригдаагүй нь “асуудал биш” гэж хариулжээ.

“Бид ч бас бүх ойн арга хэмжээндээ бүгдийг уриад байдаггүй. Намайг хаа сайгүй уриад байх ёстой гэж үү? Би энд хангалттай их ажилтай байна” гэж тэр ярьсан байна.

Путиний мэдэгдлийн өмнө ОХУ-ын гадаад хэргийн яам D-Day ажиллагааны ач холбогдлыг өрнөдийнхөн хэтрүүлэн үнэлж байна гэж шүүмжилсэн юм. Ер нь Москвагийн эрх баригчид дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт Холбоот Улсын гүйцэтгэсэн үүргийг дутуу үнэлдэг гэж өрнөдийн орнуудыг байнга шүүмжилдэг.

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова саяхан хэлэхдээ “Нормандид холбоотны арми газардсан нь дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгээгүй. Сталинград, Курскийн тулаанд Улаан Арми ялсны дараа дайны хувь заяа нэгэнт шийдэгдсэн байсан” гэж ярьсан юм.

Холбоотнууд Францын эрэгт буух үед Зөвлөлтийн арми Нацист Германтай дайтаад гурван жил болж байсан бөгөөд зүүн Европт өргөн фронтоор довтолж байжээ. Энэ дайнд Зөвлөлтийн талаас 25 сая гаруй хүн амиа алдсан бөгөөд жил бүрийн тавдугаар сарын 9-нд ялалтын баяраа өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

 

Эх сурвалж: BBC