Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын дөрвөн компани өнөөдөр 5G сүлжээ байгуулах зөвшөөрөл авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хятадын засгийн газар өнөөдөр тус улсын дөрвөн том компанид 5G сүлжээ байгуулах зөвшөөрөл олгожээ.

Дөрвөн компанийн гурав нь China Mobile, China Unicom, China Telecom гэсэн харилцаа холбооны компаниуд бол нэг нь China Broadcasting Network кабелийн үйлчилгээ үзүүлэгч юм байна.

Энэ оны хоёрдугаар улиралд Өмнөд Солонгос, АНУ, Австрали, Их Британи улсууд 5G сүлжээний эхлэлээ тавьцгаасан юм. Харин тэдний байгуулсан сүлжээний хэмжээ нийлээд ч Хятадын зах зээлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа.

Компаниуд 5G сүлжээний лицензээ Хятадын Мэдээллийн Технологи, Аж үйлдвэрийн яамнаас авсны дараа тус улсын сүлжээний дэд бүтцийн 50 орчим хувийг хангадаг Хуавэй компани “Энэ бол Хятад улс 5G-ийн эринд албан ёсоор шилжих эхлэх юм. Манай компани Хятадын операторуудад 5G сүлжээгээ байгуулахад нь бүрэн дэмжиж ажиллах болно. Ойрын ирээдүйд Хятад улс 5G технологиор дэлхийд тэргүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

2018 оны сүүлээр Хятадын засгийн газар төрийн өмчит гурван операторт 5G сүлжээний туршилт явуулах зөвшөөрөл өгч байв. Харин энэ удаа бүрэн хэмжээний үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгч байгаа юм.

Дэлхийн хамгийн том оператор компани болох China Mobile өнгөрсөн гуравдугаар сард 500 ширхэг 5G сүлжээний бааз станц нийлүүлэх тендэр зарлаж байв.

Уг тендэрийн ихэнх хэсгийг Хуавэй, ZTE компаниуд авч, тав орчим хувийг Шведийн Эрикссон авах төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлээд байна.

Харин Финландын Нокиад хувь ноогдохгүй гэж мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын байдлаар 4G сүлжээний 722.6 сая хэрэглэгчтэй болоод байгаа China Mobile тендэрийн үр дүнгээ албан ёсоор зарлаагүй байна.

 

Эх сурвалж: South China Morning Post