Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Төгсцогт: Инчеоны Азийн наадмын ялагдал миний хувьд юу ч биш байсан

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Гавьяат тамирчин Н.Төгсцогт наймдугаар сард болох WBC-гийн бүсний төлөөх тулааныхаа талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/1326570584165466/

Н.Төгсцогт мэргэжлийн боксод 11 тулаан хийж, 11:0 амжилттай яваа юм. Тэрбээр 11 дэх тулааны дараагаар IBO-н нэр хүндтэй бүсний эзэн болсон билээ. Харин одоо 12 дахь тулаанаа WBC-гийн бүсийг эзэмшиж байгаа Гарри Рассельтай хийхээр болжээ. 

Н.Төгсцогт: Дараагийн тулаан наймдугаар сард тулаан болох юм. Аваргын төлөө тоглох энэ саналыг хүлээж авахгүй бол Гарри Рассель хүлээж авахгүй бол бүсийг нь хурааж авна. Би түүнтэй бүсний төлөө тулалдах болно. Өрсөлдөгчөө судалсан, ялна гэдэгтээ итгэлтэй байна. Гарри Рассель сүүлийн дөрвөн жилд маш цөөхөн тулалдсан юм байна лээ.

Саяхан VENUM хэмээх спортын брэндтэй албан ёсоор нэг жилийн гэрээ хийсэн. Тус брэндээс миний тулаанд зориулж, бээлий, хувцас хэрэглэлийг тусгайлан хийж өгч байгаа. Сүүлийн дөрвөн жил олон нийтээс, хэвлэл мэдээллээс хол байсан. Учир нь өөрийн зорилгодоо хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдмөөр байна.

Тулааны спорт нь гэмтэл авах маш их эрсдэлтэй байдаг. Тамирчны амжилтыг том, жижиг гэж ялгах нь маш буруу гэж боддог. Хэвлэл мэдээллээр ч энэ бүс нь ийм гэх мэтчилэнгээр ташаа мэдээлэл дамжуулж байсан. Миний хувьд бүх бүсийг авч, амжилт гаргахыг хүсдэг.

Мэргэжлийн боксчин болохыг би таван настайгаасаа л хүсэж байна. Зарим хүн намайг Инчеоны Азийн наадамд ялагдал хүлээснээсээ болж, мэргэжлийн боксод орсон гэдэг ч тэр ялагдал миний хувьд юу ч биш байсан. 

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Лондонгийн олимпод оролцож байсан тамирчдаас дэлхийн аварга болох нь болж, бүс авах нь авч, эргээд алдах нь алдсан. Таны хувьд мэргэжлийн боксод ороод 11 тулалдсан. Тэгэхээр хугацаа алдаж байна гэх нь ч байгаа?

-Би 2017 онд шөрмөсөө сунгаж, том гэмтэл авсан. Нимгэн бээлийтэй тулалддаг учир нь гэмтэл амархан сэдэрч, цөөхөн тулаан хийсэн. Үүнээсээ болж олон тоглолт, хугацаа ч алдсан.

 
Гэрэл зургийг Mpa.mn

-WBC-гийн бүсний эзэн болбол IBO-н бүсээ давхар эзэмших үү?

-Тэгэлгүй яахав. Энэ бол миний хамгийн хайртай бүс. 

-Монголдоо тулаан хийх бодол байдаг уу?

-Манай менежер ч мөн энэ талаар ярилцаж байсан. Би бүсээ авчихвал боломжтой гэж бодож байна. 

-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэлээ хийдэг. Сонирхогчдынхыг бодвол хугацааны хувьд урт бөгөөд хүнд.

-Та өмнө нь олимпод өрсөлдөн мөнгө, хүрэл медаль хүртсэн. Гэхдээ мэргэжлийн боксод очиход бүх зүйл өөр байсан байх?

-Тэгэлгүй яахав. Тэнд очоод би бүхнийг 0-ээс эхэлсэн. Эхэндээ бэлтгэлийн дараагийн өдөр босоход ч хүнд байсан. Удаан хугацаанд бээлийтэй бэлтгэл хийхэд гар задарч байлаа. Олимпийн боксод байснаасаа өндөр жинд тоглож байна. 

-Ямар нэг багт хамрагдаж байна уу?

-Өөрийнхөө багаар л явж байгаа. Төгсцогт гэх монгол нэрээ олонд таниулахыг хүссэн. Тиймээс ямар нэгэн багт харьяалагдахгүй байгаа.

-Таныг Алтан Дорнод Монгол захиралд талархсанаа илэрхийлж, машин өгсөн тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Тэр үнэн үү?

-Болоод өнгөрсөн зүйл. Дэлгэрэнгүй яриад яахав.