Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хашчулуун: Монголын эдийн засгийг улс төрийн мөчлөгөөс салгамаар байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.   

- Ирэх онд сонгууль болох гэж байна. Улстөрчдийн зүгээс сонгуулийн өмнөх жилд төсвийн зардлыг ихээр тэлэхийн хамт мөнгөний бодлогыг ч бас сулруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгтэй гэх асуудлыг тавих боллоо. Та Мөнгөний бодлогын хорооны гишүүний хувьд энэ оны мөнгөний бодлогын төлөвийг хэрхэн харж байна вэ? Бодлогын хүүг бууруулах боломж харагдаж байна уу? 

- Монголбанкны үндсэн үүрэг төгрөгийн ханшийг хамгаалах, үнийн өсөлтийг зохистой түвшинд хадгалахыг зорьдог. Тийм учраас сонгуулийн жил байна уу, үгүй юу гэдгээс үл хамааран зорилгоо биелүүлэхийг л хичээж ажилладаг. Сүүлийн үед төгрөгийн ханш тогтвортой байгаа нь монголбанкнаас шат дараатай хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн юм.  Гэхдээ тэглээ гээд мөнгөний бодлогын хүүг огцом бууруулаад, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болохгүй.

Хэрэв тэгвэл эхний ээлжинд үнийн өсөлтийг дэвэргэнэ, хоёрдугаарт төгрөгийн ханшийг унагаах аюултай. Манайх шиг эмзэг эдийн засагтай, гадаадаас маш их  бүтээгдэхүүн импортолдог улсын хувьд энэ нь үнийн өсөлтийг хөөрөгдөх аюултай. Тийм учраас мөнгөний бодлогын төлөвийн хувьд энэ онд сулруулах боломж харагдахгүй байна. Нөгөөтэйгүүр сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа төсвийн тэлэлт нэлээд их явагдаж байна. Эдийн засагт төсвийн тэлэлтээр дамжсан мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа үед мөнгөний бодлогын хүүг сулруулбал, өнөөг хүртэл бий болгосон амжилтууд маань нэг шөнийн дотор л алга болох эрсдэлтэй.  

- Гадаад эдийн засгийн төлөв байдал ч бас Америк, Хятадын худалдааны дайнтай холбоотойгоор эрсдэлтэй болж байх шиг байна?   

-Энэ оны хувьд Засгийн газар, Их хурал эдийн засгийг их өөдрөгөөр төсөөлж байгаа. Нэгдүгээрт, нүүрсний үнэ харьцангуй гайгүй байна гэсэн хүлээлт байна. Хоёрдугаарт дэлхийн эдийн засагт томоохон хямарл гарахгүй гэсэн төсөөлөлтэй байгаа. Гэтэл сүүлийн үед Америк, Хятадын худалдааны дайнтай холбоотойгоор дэлхийн эдийн засагт эрсдэлүүд нэмэгдсээр байна.

Худалдааны дайн ширүүн болж, ямар нэгэн хэлэлцээрт хүрч чадахгүй байна. Мөн нэмэлт арга хэмжээнүүдийг аль аль талаасаа  шат дараатайгаар авч байна. Ийм үед эдийн засгийн төлөв байдал гэнэт өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй. Хэтэрхий өөдрөгөөр авч үзсэн төсөөллүүд маань эрс өөрчлөгдөх аюул бий. 

- Гэнэтийн эрсдэл, тодорхойгүй байдлаас сэрэмжлэхийн тулд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой байх, тийм үү? 

- Уг нь төсвийн тэлэлт гэдэг маань сонгодог утгаараа мөчлөг сөрсөн бодлого юм. Онолоор бол төсвийн тэлсэн бодлого нь мөнгөний хатуу бодлоготой уялдах ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ хоёр бодлого хоёр өөр чиглэлтэй байх ёстой юм. Хоёулаа нэг чиглэлтэй байвал эдийн засагт хэт халалт бий болж, инфляци өснө. Эсвэл эсрэгээрээ гүн гүнзгий хямрал болох эрсдэлтэй. Тийм учраас өнөөгийн нөхцөлд төсвийн бодлогын хүрээнд мөчлөг сөрсөн байдалтай, маш эрчимтэй тэлж байгаа үед мөнгөний бодлого маш хянуур байх шаардлагатай. 

- Монголбанкнаас хэрэгжүүлж буй макро зохистой бодлогын арга хэмжээнүүд хэрэгжээд хагас жил болж байна. Таны харж байгаагаар үр дүн ямар байна вэ? 

- Эхний хагас жил үндсэндээ дуусч байна. Хагас жилийн байдлаар төгрөгийн ханш тогтвортой, үнийн өсөлт удааширч байгаа нь макро зохистой бодлогын үр дүнгийн нэг илрэл юм. Гэхдээ нөхцөл байдал хаашаа ч гэнэт эргэж болзошгүй учраас санаа амарч болзошгүй. Бид цаашдаа улс төрийн мөчлөгөөс Монголын эдийн засгийг аль болох салгах нь зүйтэй юм. 

- Улс төрийн мөчлөг гэхээр сонгуулиас сонгуулийн хооронд төсвөө тэлж, эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгодог мөчлөгийг хэлж байна уу? 

- Сүүлийн хэдэн жилийн нөхцөл байдлыг харвал сонгуулийн өмнөх жилд маш их хэмжээний мөнгө амладаг, тараадаг, эсвэл төсвийг замбараагүйгээр тэлж, алдагдлыг нэмэгдүүлдэг. Санхүүгийн хувьд туйлын хариулагагүй байдал руу ордог. Сонгуулийн дараа засаг солигдохоор шинэ Засгийн газар нь өмнөхөө шүүмжлээд, эдийн засгийн хүндрэл, хямралтай нүүр тулдаг. Тэгээд л ОУВС-аас тусламж гуйдаг, тусламж гуйсныхаа дараа тэрнийгээ шүүмжилдэг. Иймэрхүү өөрөө өөрийгөө хорлодог гэмээр үзэгдлээс салмаар байна. Магадгүй 2020 онд өөр Засгийн газар гарч ирээд, өмнөх бодлогоо шүүмжлээд, л 2021 онд дахиад л ОУВС-нд хандахыг үгүйсгэх аргагүй. Түүний оронд 2021 онд хямрал үүсгэхгүй байх, валютын санд хандахгүй байхаар санхүүгийн болон мөнгөний бодлого хэрэгжүүлбэл зохистой. Ингэж чадвал инфляцийг нэмэгдүүлэхгүй, төгрөгийн ханшийг хамгаална.  

- Яг ийм мөнгөний болон санхүүгийн бодлогыг та товчхон томъёолж хэлэх үү? 

- Мөнгөний бодлогын хувьд одоогийн Монголбанкны хэрэгжүүлж буй бодлоготой дүйцэж очих байх. Санхүүгийн бодлогын хувьд төсвийн тэлэлтийг нэг их нэмэгдүүлэхгүй байх нь чухал. Гуравхан сарын дараа 2020 оны төсөв орж ирнэ. Төсвийн алдагдал бага, зардал оновчтой байх чиглэл рүү яваасай гэж бодож байна. Манай улс төрийн намууд мөнгө цацаад сонгуульд ялдаггүй гэдгийг харсан байх. Тэгэхээр сонгогчид илүү ухаалаг болж, эдийн засгийн сайн бодлогыг хэрэгжүүлдэг улс төрийн хүчнийг үнэлдэг болоосой гэж хүсч байна.

Бэлэн мөнгөний амлалт эдийн засгийг ална гэдгийг сонгогчид ойлгосон. Тэгэхээр улс төрийн намууд улс орны эдийн засгийг хямралаас гаргаж, олон ажлын байр бий болгож, төсвөө хэмнэж чадснаараа ард түмнээс оноо авна. Түүнээс биш учиргүй их төсөл, хөтөлбөр гаргаж ирээд, баахан мөнгө үрээд, байхгүй мөнгийг нь зээлж аваад яваад сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. 

- Удахгүй мөнгөний бодлогын хороо хуралдах гэж байна. Та ямар хүлээлттэй байна вэ? 

2019 оны хувьд одоогийн байдлаар эдийн засгийн өсөлт сайн байгаа. Өсөлтийг хадгалах нь чухал. 2020, 2021 оноос эхлэн маш их хэмжээний гадаад өрийг төлөх асуудал бий. Гадаад өрийг төлөхийн тулд дотоодын санхүүгийн хурмитлалаа нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал. Мөнгөний бодлогын зүгээс төлбөрийн тэнцлийг ашигтай байх талаас анхаарах, дотогшоо хандсан валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадагшаа урсах импортын зардлыг багасгах чиглэлд арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. Энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг улам нэмэгдүүлэх нь зүйтэй гэж бодож байна. 

- Ярилцсанд баярлалаа.