Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Японы сайд эмэгтэйчүүд ажлын байранд өндөр өсгийт өмсөх ёстой гэсэн хариу өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Японд ажлын байранд өсгийтэй гутал өмсөхийг эмэгтэйчүүдээс шаарддаг уламжлалыг зогсоох хөдөлгөөн өрнөөд байгаа.

Тус улсын компаниудад мөрддөг хувцаслалтын дүрмэнд эмэгтэй ажилтнуудыг өсгийтэй гутал өмсөх ёстой гэсэн шаардлага байдаг.

Жүжигчин, зохиолч Юми Ишикава анх #KuToo хаштагтай хөдөлгөөнийг сошиал сүлжээнд өрнүүлсэн нь олон мянган эмэгтэйн дэмжлэгийг авсан юм.

#KuToo нь япон хэлний “куцу” буюу гутал, “куцуу” буюу өвдөлт гэсэн үгнүүдийн илэрхийллээс гадна дэлхий даяар өрнөж байгаа #MeToo хөдөлгөөнтэй ижилссэн нэр ажээ.

Тус хөдөлгөөнийхөн хүсэлтээ Мягмар гарагт Японы хөдөлмөрийн яаманд гардуулсан юм. Тэгвэл тус яамны сайд Такуми Немото өчигдөр парламентын байнгын хорооны хуралд оролцохдоо уг хөдөлгөөний шаардлагад хариу өгсөн байна. Сайд хэлэхдээ өндөр өсгийтэй гутал өмсөх нь “Японы нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, байж болохуйц шаардлага тул өөрчлөх хэрэггүй” гэжээ.

Өндөр өсгийтийн асуудал Каннын кино наадмын үеэр хөндөгдөж байв. Тус кино наадмын улаан хивсний ёслолын хувцаслалтын шаардлагад эмэгтэйчүүдийг заавал өсгийтэй гутал өмсөхийг тулгадаг. 2015 оны наадмын үеэр энэ шаардлагыг хангаагүй эмэгтэйчүүдийг улаан хивсний ёслолд оролцуулаагүй юм. Дараа нь наадмын зохион байгуулагч эдгээр эмэгтэйчүүдээс уучлал гуйж байв. Гэхдээ Каннын кино наадам дүрмээ хэвээр хадгалж байгаа.

Дараа жилийнх нь наадмаар Холливүүдийн супер од Жулиа Робертс уг дүрмийг эсэргүүцэж, улаан хивсэн дээр хөл нүцгэн алхаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian