Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цэрэнпэлжээ: Лаосчууд дэлхийн хамгийн хүнлэг хүмүүс

Д.Гансаруул, Өдрийн сонин
2019 оны 6 сарын 6
Өдрийн сонин
Зураг зураг

Үргэлжлэл. Түрүүч нь.

Лаост хонь үржүүлэх ажил хийж байсан Б.Цэрэнпэлжээтэй ярилцлаа.

-Хонь үржүүлэх ажлаар хэчнээн монгол хүн Лаост очсон юм бэ, тэр үед?

-Эхлээд гурвуулаа очсон. Малын эмч, зоотехникчид. Дараа нь намайг тэнд үргэлжлүүлж ажилла гэж хугацааг минь сунгаад. Халуун оронд гадны хүн хоёр жил хүртэлх хугацаанд л ажилладаг юм байна. Би чинь арай гэж хоёр жил ажиллачихаад буцах гэсэн чинь “Лаосын Засгийн газрын хүсэлтээр таныг үргэлжлүүлэн сунгаж ажиллуулна" гэсэн хүсэлт тавьсан гэж Намын төв хорооноос дуулгадаг юм байна. Тэгээд би аргагүйн эрхэнд тэнд үлдсэн.

-Ю.Цэдэнбал даргын тушаалаар л та Лаост үргэлжлүүлэн үлдэж дээ?

-Тэгсэн. Үндсэндээ л Ю.Цэдэнбал дарга Лаосын ерөнхий сайд Кейсон Фомвихан хоёрын л ярьж тохиролцсон ажил. Одоо тэдний мөнгөн дэвсгэрт дээр Кейсон Фомвихан даргын зураг байдаг байхгүй юу.

-Таныг яагаад Лаост хонь үржүүлэх ажлаар явуулсан юм бэ?

-ХАА-н сайд Л.Ринчин гуай намайг явуулсан юм. Төв хороо намайг дуудсан. Тэд ХАА-н яамны нэг боловсон хүчнийг явуулъя гэсэн юм билээ.

-Дээрээс таныг гэнэт л дуудаад “Лаос яв” гэсэн байх. Тэгэхэд Лаос орны талаар хэр мэдээлэлтэй байв?

-Юу ч байхгүй (Инээв). Москвад очоод онгоцонд суусан чинь яагаад ч юм намайг Хабаровскт аваачаад хаячихсан. Бүүр тээр Алс дорнодод шүү дээ. Арван хэдэн мянган км нисээд. Тэндээс намайг явуулахгүй удсан. Бодвол манай улс руу холбоо барьж, намайг Монгол Улсын иргэн үү, үгүй юу гэдгийг тодруулсан байх. Тэндээсээ яваад Өмнөд Солонгос, Тайвань гээд бас арваад мянган км нислээ.

Хориод мянган км нисэхэд бол хоёр чих минь ёстой юу ч дуулахаа байчихсан. Тэгээд л Хошимин хотод буюу Вьетнамын урд хэсэгт буусан чинь халуун гэж жигтэйхэн. Миний бүх хувцас бороонд цохиулсан юм шиг хөлсөндөө нороод өмдний шуумгаар хөлс урсаж байна. Тэгсэн чинь Оросын экипажийнхан яг над шиг хөлсөө урсгачихсан миний хажуугаар өнгөрч байна. Тэгэхээр нь би “Өө, адилхан л юм байна” гээд санаа амарч билээ. Тэгэхэд би итгэхгүй байсан.

Нээрэн л ийм газар байдаг юм байх даа, ийм л газар очих юм байх даа гэж гайхаж байлаа. Тэгээд л Хошиминээс хойшоо Ханой руу ниссэн. Тэр хоёрын хооронд эрүүл газар байдаггүй юм билээ. Тэр чигээрээ цагаан будаа тарьчихсан. Уулан дээр хүртэл шүү дээ.

Хөөрхий, дайны дараа хэцүү байсан байх. Намайг очиход Ханойн хамгийн өндөр байшин нь хоёр, гуравхан давхар. Зах худалдааны газар нь авах юм байхгүй. Өрөвдмөөр. Одоо харин мундаг болчихсон байна билээ.

-33 жилийн дараа та дахиж очиж шүү?

-Тэглээ, Лаосын Засгийн газрын урилгаар. 1,000 хонин дээр хоёр монгол залуу очжээ. Тэр хоёртоо баахан зөвлөгөө өглөө. 1,000 хониноос нь 300-гаад нь төллөсөн. Бас нэлээд хэд нь үхжээ, янз бүрийн өвчнөөр. Гэхдээ яахав, тогтворжоод ирвэл гайгүй шүү дээ. Цэвэр цусны монгол хонь тэсвэртэй, гайгүй болно гэж бодож байгаа. Уг нь намайг анх энэ 1,000 хонин дээр ажиллаад өгнө үү гэж урьсан юм. Би биеийн байдлаасаа болоод татгалзсан л даа.

-Таны нас сүүдэр хэд хүрч байна?

-Дал гаран насыг зооглоод явж байна. Лаост манай нэг охин сураад тэндээ ажиллаж байгаа. Хүргэн, охин хоёр минь тэнд байгаа болохоор бас далим гаргаж очсон байхгүй юу. Батлан хамгаалах яам нь манай 1,000 хонийг авчээ. Би хуучин шигээ 1,000 хувийг лаосчууд дийлэхгүй хэцүүдэх байх гэж бодсон чинь үгүй юм. Лаос хөгжөөд лут болсон байна. Танигдахын аргагүй. Ард түмнийх нь амьдрал сайжирсан байна. Мундаг болсон байна.

-Хонь үржүүлж байсан Сиангкхуанг мужийнхантайгаа уулзсан уу?

-Уулзсан. Гудманд таараад сүйд болсон. Лаосын ХАА-н яаманд байсан миний мэдэх хүмүүс байхгүй болж, залуучуудтай болсон байна билээ. Синхуан (Лаосын зүүн хойд нутгийн Сиангкхуанг мужийг хэлэв.сурв) муж их өргөжсөн байна лээ. Тэр үед Синхуан чинь цахилгаангүй, дэнгийн гэрэлтэй л байсан юм. Манайх чинь тэнд хоёр давхар эмнэлэг барьж өгсөн. Тэр нь хамгийн өндөр барилга нь байсан юм.Тэгсэн чинь одоо манай тэр эмнэлэг харагдахгүй байгаа шүү дээ.

Гэхдээ хүмүүс тэр эмнэлгийг маш ихээр зорьж очдог юм байна. Их сайн үйлчилгээтэй. Яагаад вэ гэвэл эмнэлгийн дарга нь манай улсад ирж Анагаах ухааны их сургуулийг төгссөн юм байна. Монгол хэлтэй хүн байна. Манай улсад төгссөн зургаан эмч тэр эмнэлэгт ажиллаж байна.

-Та аль аймгийн хүн бэ?

-Завхан аймгийн Баянтэс сумын хүн.

-Одоо та хаана, юу хийж байна вэ?

-Хувийн жижиг бизнестэй, “Нарантуул” зах дээр. Мал аж ахуйн хүрээлэнд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Ер нь аливаа үндэстний онцлог зан ааш, авир гэж бий. Лаосчууд ямар онцлогтой хүмүүс вэ?

-Халуун орны хүмүүс ойролцоо ааштай хүмүүс байдаг. Лаосчууд манайхтай их төстэй. Залхуудуу, чалчаа. Хүнлэг талаараа бол харин дэлхийд нэг номерынх байх аа. Маш хүнлэг. Дэндүү хүнлэг. Ер нь халуун орны хүмүүс чинь нэг уурлавал мундаг уурлана. Гэхдээ барагтай бол уурлахгүй дээ. Инээгээд л байна. Инээгээд л яваад байна. Залхуудуу юм. Манайд чинь социализмын үед чанга байлаа шүү дээ. Өглөө ажилд ирэх, орой тарах цагийг хатуу баримталдаг байсан.

Би яг тэр дэглэмээрээ барих гээд чадахгүй байсан шүү дээ. Тэр чинь ч чадахгүй байх нь арга ч үгүй байсан юм билээ л дээ. Оросууд бас яг тэгж барих гээд дургүйг нь хүргэсэн. Би тэрийг нь мэдчихээд ажлыг нь хуваарилаад өгчихдөг байсан. Чи өнөөдөр үүнийг хий. Шөнө байна уу, өдөр байна уу хамаагүй. Дуртай цагтаа л ажиллаад дуусга гэдэг байсан.

Тэд өдөр ажиллахаас яагаад цааргалаад байдаг байсан бэ гэхээр өдөр нь ногоогоо тарьдаг байсан юм билээ. Тэд чинь бас амьдрах хэрэгтэй биз дээ. Би тэдний гэрээр орж гарна. Анх лаос нэг үг ч мэдэхгүй бууж байсан хүн шүү дээ. Наашаа явахын үед лаосоор сайн ярьдаг байлаа. Одоо бол мартсан байна лээ. Сая очоод муухан л ярьж байна лээ. Ихэнх үг мартагдаад.

-Тухайн үед танд гэр орон, эх орноосоо хол хэцүү л байсан байх. Харин одоо эргээд бодоход хүн болгонд тохиохгүй ажил хийж, сонирхолтой газар очиж ажиллаж шүү гэж бодогдоно биз. Энэ нь нөгөө талаар хоёр орны найрамдлын асуудал цаашилбал хүмүүнлэг, энэрэнгүй үйлс байж шүү дээ?

-Ёстой гоё дурсамж үлдсэн. Одоо байгаа энэ Лаосын Элчин сайд байна шүү дээ, Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд хэнбугай ч ирсэн намайг урьдаг юм. Лаосчуудын хүнлэг чанар тэр. Тус болсон хүнээ мартахгүй. Намайг ерөөсөө мартдаггүй. Ямар ч арга хэмжээн дээрээ заавал урина. Тийм сайхан. Сая очиход Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн яам нь мундаг хүлээж авсан. Би эндээс ХХААХҮЯ-ны төлөөлөгчидтэй хамт очсон л доо. Тэд ч ярьж байна лээ, “Та ч түүхэн хүн байна шүү дээ” гээд.

-Та Лаост ажиллаж байхдаа төвийн сонин хэвлэлд нь зөндөө л гарч байсан байх даа?

-Гарч л байсан байх. Сурвалжлагч ховор ирнэ. Харин гадаадынхан их ирнэ. Австраличууд ойрхон болохоороо “Энд монголчууд хонь үржүүлдэг гэнэ. Үзье, харъя” гэнэ. Тэгэхээр лаосчууд тэдэнд үзүүлэх ч үгүй. Ойртуулахгүй. Тэр бүс бол тусгай бүс, цэргийн гэмээр. Тэр рүү зөвхөн гадны иргэдээс монгол, орос, вьетнамчууд л орно.

-Тэнд байгаа хонинуудыг байнга шахуу ноосолдог уу?

-Ноос нь хөөрөөд ирэнгүүт л хяргаад байна. Синхуан чинь уултай, талтай. Усаар элбэг. Нуур, цөөрөм ихтэй. Чийглэг. Зургаан сарын турш бороогоор нүдчихээр хэцүү л дээ. Одоо хуурай зургаан cap нь болно. Тэр үед нь л тариалангаа амжуулна.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрөв.

-Таны мэргэжлийг эзэмшсэн үү?

-Байхгүй. Лаост байгаа охин маань тэнд Олон улсын харилцааны сургууль төгссөн. Отгон хүүхэд маань Солонгост байна. Нөгөө хоёр нь эндээ бизнес эрхэлдэг юм.

Зураг