Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын хороод нөхөн сонгуультай холбоотой ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсангүй

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан билээ. Цэцийн энэхүү дүгнэлтийг өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 

УИХ дахь АН-ын зөвлөлөөс цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн бол МАН-ын бүлэг энэ асуудалд ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа билээ. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Нөхөн сонгууль, ээлжит сонгууль хоёр өөр л дөө. Ээлжит сонгууль нь дөрвөн жилд нэг удаа болдог. Түүнийг нь зарлах хугацаа тусдаа байдаг. Нөхөн сонгууль бол орон гарсан тохиолдолд хийгддэг. Энэ сонгуульд 180 хоногийн өмнө зарлана гэснийг мөрдөх албагүй гэж үздэг. Яагаад энэ Хэнтийн нөхөн сонгууль Үндсэн хууль зөрчсөн гээд гарчихав. Үүнд тайлбар авмаар байна. 

Түүний энэхүү асуултад Үндсэн хууль цэц дээр уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ыг төлөөлж хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа. 

Тэрбээр “УИХ-ын гишүүн, дэд дарга Я.Санжмятав бид хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Бид УИХ-ын хоёрдугаарт сард баталсан тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж хамгаалсан. Өөрөөр хэлбэл энэ оны эхээр 2-3 сар үргэлжсэн улс төрийн үйл явцаас шалтгаалан УИХ-ын дарга чөлөөлөгддөөд дараа нь шинэ Их хурлын дарга томилогдмогц Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан. 

Сонгуулийн хуульд тов зарлах асуудлаах хоёр өөр асуудал байгаа. Гэхдээ сонгууль явуулах өдрийг зургаадугаар сарын сүүлчийн Ням гараг, аравдугаар сарын эхний Ням гарагт сонгууль болно гээд хуульчилсан. Сонгууль явуулах өдөр нь бол тодорхой. Харин сонгууль зарлахдаа 65-аас доошгүй хоногийн өмнө гээд заачихсан. 

Гэтэл энэ хуульд сонгуулийн зардлыг аудитоор оруулах хоног нь 120 хоног гэж байгаа. Ингээд бид гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгууль зарлахгүй бол Сонгуулийн хуультай зөрчилдөх юм байна гэдэг тооцоо гаргасан. Сонгуулийн хуульд байгаа 150 хоногийн өмнө, 65 хоногийн өмнө гэдэг дээр яриа гараад байгаа юм. 

Тэгсэн хоёрдугаар сард 28 хоногтой учир 150 биш 148 хоногийн өмнө зарласан гэсэн. Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргасан гэсэн. Хуулинд төсвөөс санхүүжүүлнэ гэсэн байхад нөөц сангаас гаргалаа гэсэн. Уг нь нөөц сан чинь төсвөөс л бүрдэж байгаа шүү дээ. 

180 хоногийн тухайд Сонгуулийн хуульд нөхөн сонгууль явуулахдаа ээлжит сонгуулийн журмыг баримтална гээд заачихсан. Түүгээр нь л явуулсан. Гэхдээ хууль зөрчөөгүй. Хэзээ нам байгуулагдаж магадгүй гээд нөхөн сонгуулиаа харзнаад байж байхав дээ" гэлээ.  

Төрийн байгуулалтын байнгын хорооноос цэцийн дүгнэлтийг дэмжсэнгүй  

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. 

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүний асуултад тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариулт өгсөн юм. Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн дүгнэлтэд дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн заалт тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.  

Ийнхүү холбогдох байнгын хороод ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжсэнгүй. Гэсэн ч тус дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн, хүлээж авах эсэхийг шийднэ. Хэрэв УИХ-аас ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авбал Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болохгүй. Харин хүлээж авахгүй бол ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж энэ асуудлыг дахин хэлэлцэх юм.