Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дашдулам: Халхын голын дайн Монгол Улс Их гүрнүүдэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх түүхэн үйл явдал байсан

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Халхын голын дайн нь Монгол, Япон улсын ард түмэн нэгнээ үзэн ядсанаас үүссэн юм биш. Тухайн үеийн Их гүрнүүдийн бодлого, зөрчлийн улмаас болсон. Монголын талаас харахад энэ дайн нь газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, хүн ардын эрх чөлөөг хамгаалсан дайн байв.

Харин Токиогийн олон улсын шүүхийн дүгнэснээр Японы хувьд түрэмгий дайн байсан гэж үздэг" хэмээн Түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар хэллээ.

Тэрбээр МУИС-ийн багш, Түүхийн ухааны доктор, дэд профессор Д.Дашдуламтай хамтран "Халхын голд дайн үүссэн нууцаас" ном бичсэн бөгөөд нээлт нь өнөөдөр МУИС-ийн Төв номын санд боллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэхүү номыг хэд хэдэн онцлогтой хэмээн зохиогчид хэлж буй бөгөөд заримаас нь дурдвал: 

  • Халхын голын дайн тухай бүтээлүүдэд Л.Дандар, Ц.Олзвой, Г.К.Жуков жанжны алдар гавьяаг тод томруун бичсэн ном их байдаг. Тэгвэл энэ номд Тамсаг Богдын гуравдугаар морьт салааны захирагч Чимэдийн Шаарийбуу, эрэлхэг хилчин Моломын Гаасүрэн зэрэг дайчны талаар судалж, мэдээлэл оруулсан аж.
  • Түүнчлэн баатруудын зэрэгцээ балаг таригсад хэмээн тухайлж авч үзжээ. Ингэхдээ дайны үед сураггүй алга болсон, хил даван зугтсан хүмүүсийн баримтуудыг онцолсон байна. 

Мөн түүхийн ухааны доктор, профессор Л.Чулуунбаатар "Халхын голын дайн нь дэлхийн II дайны зарлаагүй оршил байсан гэдгийг номын нээлтийн үеэр цохон тэмдэглэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Номыг хамтран бичсэн Түүхийн ухаан доктор, дэд профессор Д.Дашдулам "Халхын голын дайн нь Монголын Улсын хувьд Их гүрнүүдэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх түүхэн үйл явдал байсан бөгөөд тэдний бодлогын золиосонд хэрхэн өөрийнхөө тусгаар тогтнолыг бэхжүүлсэн талаарх баталгаа болсон" хэмээсэн юм.

"Халхын голд дайн үүссэн нууцаас" номын зохиогчид судалгааны ажлаа цаашид үргэлжлүүлэн дайны үед учирсан хүн хүчний хохирол болон хаагдмал байсан сэдвүүдийг хөндөж, дахин 2-3 цувралыг гаргахаар төлөвлөжээ.