Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Чех улсад 1989 оноос хойш хамгийн том эсэргүүцлийн жагсаал болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Чех улсын нийслэл Прага хотод 120,000 орчим хүн оролцсон томоохон эсэргүүцлийн жагсаал болсон нь тус улсын ерөнхий сайд Андрей Бабишийг огцруулах зорилготой байв.

30 жилийн өмнө Чехословакт коммунист дэглэмийг нураасан жагсаалаас хойш Чех улсад ийм өргөн хүрээний тэмцэл өрнөж байгаагүй юм.

Венцесласын талбайг дүүргэсэн иргэд Чех улсын болон Европын Холбооны далбааг намируулж, ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байлаа.

Чехийн хоёр дахь том баян гэгддэг ерөнхий сайд Бабишийн Европын Холбооны төсвийг буруугаар ашигласан, эрх ашгийн зөрчилтэй компанид давуу тал олгосон хэргүүд ил болсон нь иргэдийг жагсахад хүргэжээ.

Чехийн томоохон компани Агроферт засгийн газраас дэмжлэг авч байсныг Европын Холбооны аудиторын урьдчилсан дүгнэлтэд өгүүлсэн нь саяхан ил болсон юм.

Уг компанийг Бабишийн эзэмшил гэж үздэг. Жагсагчид “Бабиш бол мафийн босс, Чехийн түүхэнд хамгийн муу улс төрч, тэр бидэнд коммунизмийг санагдуулдаг”, “Тэр бол Берлускони шиг олигарх. Гэхдээ тэрнээс ч дор хүн”, “Тэр Чех улсын эзэн шиг аашилж байна. Үнэндээ тэр чех хүн ч биш, словак гаралтай дээрэмчин. Словакчууд түүнээс салсандаа баярладаг. Тэр одоо онгоц барьцаалагч шиг аашилж байна. Бид түүний барьцааны хүмүүс юм” гэх зэргээр хэвлэлүүдэд ярьжээ.

Тэмцлийг зохион байгуулсан “A Million Moments for Democracy” байгууллагын төлөөлөгч Микулаш Минар энэ удаагийн жагсаал Венцесласын талбайд багтахгүй байгаа тул энэ сарын 23-нд Прагын Летна цэцэрлэгт хүрээлэнд дараагийн тэмцлийг зохион байгуулахаа мэдэгдсэн байна. 1989 онд коммунист дэглэмийг унагахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн жагсаал энд болж байсан түүхтэй.

2017 онд ерөнхий сайд болсон 64 настай Бабиш огцрох бодолгүйгээ дахин дахин илэрхийлж, тэр ч байтугай жагсагчдыг нийгэмд тогтворгүй байдал үүсгэх зорилготой хэмээн буруутгаж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian