Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой”-н нэрэмжит гадаад тэтгэлэгт тэнцсэн дөрвөн хүнд батламжийг нь гардууллаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” компани Ханбогд сумын хөгжлийг дэмжиж, өөрийн нэрэмжит гадаад тэтгэлгийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, зардлыг нь 100 хувь гаргаж, дөрвөн хүнийг Австрали улсад магистрын зэргээр суралцуулахаар болжээ. Уг тэтгэлэгт тэнцсэн хүмүүст өнөөдөр батламжийг нь гардуулсан бөгөөд ШУТИС, МУИС, ХААИС, Монгол-Германы хамтарсан Технологийн дээд сургуулийн 200 орчим багш, оюутанд боловсролын хөтөлбөрүүдээ танилцуулав. 

Тус компани боловсролын чадавхжуулах хөтөлбөрүүдээ 2010 оноос эхлүүлснээс хойш 

  • Дотоодын их, дээд сургуульд 290
  • Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуульд 44
  • Залуучуудын хөгжлийн хөтөлбөрт 70 гаруй сургуулийн 1,020 сурагчийг хамруулжээ.

Түүнээс гадна 2017 оноос ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран 
Үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюутнуудыг дипломын сэдвээр хангах болсон байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдгээр хөтөлбөрт 4.0 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь зөвхөн боловсролд төдийгүй Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй хэлбэр гэдгийг “Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Лаура Томас онцоллоо. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Ханбогд сумын ИТХ-ын дарга Ж.Занабазар энэ үеэр "Манай сум 10 жилийн өмнө 3,000 гаруй хүн амтай байсан бол өнөөдөр бүртгэлтэй 8,000 гаруй хөдөлгөөнд 30 гаруй мянган хүнтэй сум болсон. Сумын гол бэрхшээл нь чадварлаг боловсон хүчин. "Оюу толгой" компанийн энэхүү тэтгэлгийн хүрээнд орон нутаг, компани, оюутан гуравласан гэрээ байгуулж, сурч мэдсэн зүйлээ манай суманд гурван жил ажиллаж, хэрэгжүүлэхээр тохирч буй. Энэ нь орон нутгийн хөгжилд том хөрөнгө оруулалт" гэлээ.

Тэтгэлэг болон боловсролын хөтөлбөрүүдийн үр шимийг хүртсэн оролцогчид ийн ярьж байна. 

"Өнцөг булан бүрт очиж, мэдсэн сурснаа хүүхдүүдэд зааж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна"

 
Гэрэл зургийг MPA.mn

Гадаад тэтгэлэг хүртэх эрх авсан, Англи хэлний академийн багш Б.Номинтуул: 

“Оюу толгой” компанийн фэйсбүүк хуудсыг дагаж, мэдээллийг нь байнга уншдаг болсноор боловсролын маш олон хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг болохыг нь олж мэдсэн. Ингээд гадаад тэтгэлэгт хөтөлбөр зарлахад нь материалаа өгөөд тэнцэж, Австралийн Күйнслэндийн их сургуульд Боловсролын удирдлага гэсэн мэргэжлээр сурахаар болсон. 

Би Хөвсгөл аймгийн жижиг тосгонд өссөн болохоор багадаа англи хэл сурч, дэлхийн том их, дээд сургуульд сурахыг хүсдэг байсан. Энэ бол миний хамгийн том мөрөөдөл. Харин энэ мөрөөдлийг минь биелэх боломж олгож, надад асар их хариуцлага, итгэл хүлээлгэсэн “Оюу толгой” компанид маш их баярлалаа. 

Төгсөж ирээд Ханбогд суманд гурван жил ажиллана. Энэ нь орон нутгийн хүүхдүүдэд зааж, сургаж, тэдэнд боломж нээж, өөрийгөө хөгжүүлж, туршлага хуримтлуулах маш том боломж гэж харж байгаа. Цаашдаа улсынхаа өнцөг булан бүрт очиж, мэдсэн сурснаа хүүхдүүдэд зааж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. 

"Цаашлаад 330 сумын эмнэлгүүдийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна"

Гадаад тэтгэлэг хүртэх эрх авсан, эмч Ц.Алтанбаяр:

 

Би 2008 онд АШУҮИС-ийг төгсөөд өрхийн эмнэлгийн эмчээс ажлын гараагаа эхэлсэн. Сүүлийн долоон жил “Сос медикал”-д эмч, менежерээр ажилласан. Өнгөрсөн онд “Оюу толгой”-н гадаад тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг хараад оролцож, тэнцсэн. Австралийн Куртины их сургууль Эрүүл мэндийн удирдлага мэргэжлээр сурахаар болсондоо баяртай байна. 

Ирээд Ханбогд суманд гурван жил ажиллана. Миний гол зорилго бол анхан шатны, яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажиллана. Ингэснээр дараа дараагийн шатлалд очих ачааллыг бууруулна. Түүнчлэн эрүүл мэндийн ихэнх асуудлыг анхан шатны түвшинд шийддэг болох зорилт тавьсан. Цаашлаад 330 сумын эмнэлгүүдийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа. 

"Хөтөлбөрт хамрагдсанаар олон ур чадвар, мэдлэгийг олж авсан" 

Залуус хөгжлийн хөтөлбөр болон дотоод тэтгэлэг хүртсэн Б.Эрдэнэтөгс:

Би Өмнөговь аймгийн бүрэн дунд сургууль төгсөөд ОТ-н Залуус хөгжлийн хөтөлбөрөөр дамжиж дараа нь дотоодын тэтгэлэгт хамрагдаад 2019 онд сургуулиа төгссөн. Одоо “Энержи ресурс” компанийн Уурхайн засварын хэлтэст Төлөвлөлтийн инженерээр ажиллаж байгаа. 

“Оюу толгой” компанийн дээрх хоёр хөтөлбөрт хамрагдсанаар би хувь хүний хувьд маш их  хөгжиж, багаар ажиллах чадварт суралцаж, дэлхийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэгтэй болж, бусадтай харилцах гээд маш олон ур чадвар, мэдлэгийг олж авсан. Мөн өөрийгөө нээж чадсан. 

"Үйлдвэр дээр тулгамдаж байгаа бодит асуудлыг дипломын болгон өгч байгаа"

Үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөрийн талаар “Оюу толгой” компанийн Баяжуулалтын үйлдвэрийн Засвар үйлчилгээний менежер Э.Анхбаяр:

 

Би АНУ-ын Мичиганы технологийн их сургуульд механик инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд “Оюу толгой” компанид 10 жил ажиллаж байна. Тус сургуульд сурч байхдаа дөрөвдүгээр курсийн дипломын ажлыг өвөрмөц маягаар хийдгийг анзаарсан. Тодруулбал, Фордоос эхлээд АНУ-ын тэргүүлэх үйлдвэрүүд Мичиганд байдаг бөгөөд тэдгээр компанийн төлөөлөл оюутнуудыг дипломын ажлын сэдвээр хангадаг. Тэр зөв тогтолцоог нэвтрүүлэх боломжтой гэж үзээд 2017 оноос би Засвар үйлчилгээний менежер болсноор хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Улмаар 2017 онд хаврын семестерт нэг төслөөр эхлүүлж байсан бол өнөөдөр 2019 оны хаврын семестр дуусахад 10 төслөөр дуусгаж хөтөлбөр маань өргөжсөн байгаа. 

Гол зорилго нь, ОТ бол Монголын төдийгүй дэлхийн тэргүүлэх уурхай. Тэр дундаа баяжуулах үйлдвэр бол дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон үйлдвэр. Хамар дор ийм үйлдвэр, технологи байхад залуус маань үүнтэй уялдаатай сурч, боловсроосой гэж хүссэн. Гол онцлог нь үйлдвэр дээр тулгамдаж байгаа бодит асуудлыг дипломын болгон өгч байгаа. Точвхондоо энэ хөтөлбөр нь тухайн оюутны хувьд “Их сургуулийн хамгийн сүүлийн хичээл - хамгийн анхны ажил” юм гэлээ.