Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нокиа 5G сүлжээний зах зээлд Хуавэйг гүйцэхээр шаргуу ажиллаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргааны хоригт ороод байгаа Хятадын харилцаа холбооны технологийн Хуавэй компанийн орон зайг булаахаар Финландын Нокиа эрчимтэй ажиллаж байна.

Өчигдөр тус компани дэлхий даяар 5G сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх 42 гэрээ байгуулаад байгаагаа мэдээлжээ.

Ингэснээр Финландын компани Хятадын Хуавэйтэй 5G сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэхээр байгуулсан гэрээний тоогоор тэнцэж байгаа юм. 

Хуавэй одоогийн байдлаар мөн 42 гэрээ байгуулаад байгаагийн 25 нь Европ, 10 нь Ойрх Дорнод, зургаа нь Азийн оператор байна.

Гэхдээ Нокиагийн бизнесийн гэрээний тоо эрчимтэй нэмэгдэж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш тус компани долоо хоног бүрт нэг шинэ гэрээ байгуулж байгаагаа мэдээлжээ.

Гуравдугаар сарын сүүлд Хуавэй 5G сүлжээний дэд бүтэц нийлүүлэх 40 гэрээтэй байсан бол Нокиа 30 орчим гэрээ байгуулаад байсан юм.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Хуавэй хоёр гэрээ шинээр нэмж, Нокиа 12-ыг нэмсэн нь эндээс харагдаж байна.

Гэхдээ Хуавэй компани өнгөрсөн долоо хоногт Африкийн Улсуудын Холбоотой тив даяар 5G сүлжээ байгуулах санамж бичиг байгуулсан нь тэдэнд бизнесийн өргөн боломж байгааг харуулж байна.

Харилцаа холбооны тоног төхөөрөмж, дэд бүтцийн нийлүүлэлтээр Хуавэй компанитай Финландын Нокиа, Шведийн Эрикссон компаниуд хүчтэй өрсөлддөг.

Дэлхий даяар 4G технологиос 5G технологид шилжих томоохон хувьсгал эхэлж байгаа энэ үед дээрх компаниуд Хятадын Хуавэйгаас түрүүлж зах зээлийг булаахаар шаргуу ажиллаж байна.

 

Эх сурвалж: CNN