Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Мазаалай"-г бүтээлцсэн монгол инженерүүд "Тэмүүлэл" хиймэл дагуулын төслөө танилцууллаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Мазаалай” хиймэл дагуулыг сансарт хөөргөсний хоёр жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ тэмдэглэлт өдөр МУИС-иас "Нано хиймэл дагуул ба Шинэ боломж" буюу Монгол Улсын хоёр дахь хиймэл дагуулыг зохион бүтээх "Тэмүүлэл" төслийг танилцууллаа.

Сансар судлал хөгжөөгүй орнуудыг анхны хиймэл дагуулаа хөөргөхөд нь дэмжих зорилготой ЮНЕСКО болон Японы засгийн газрын хэрэгжүүлж байгаа “The Joint Global Multi-Nation Birds Satellite” төслийн хүрээнд судалгааны зориулалттай “Мазаалай” бага оврын хиймэл дагуулыг бүтээн хөөргөсөн.

Тэгвэл энэ удаад өмнөх төсөлд хамрагдаж, "Мазаалай"-г бүтээлцсэн монгол инженерүүд өөрсдөө "Тэмүүлэл" хиймэл дагуулыг бүтээх юм байна.

""Тэмүүлэл" хиймэл дагуул ирээдүйн сансрын технологид тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чухал туршилт хийнэ"
 
Гэрэл зургийг mpa.mn

"Мазаалай"  хиймэл дагуулыг бүтээх багт орж ажиллаад эх орондоо эргэж ирэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторид судлаачаар ажиллаж буй Т.Төртогтохоос төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

- "Мазаалай" хиймэл дагуулын хувьд амжилттай тойрог замд орсон. Төлөвлөж байсан туршилтуудаа гүйцэтгэж чадсан юм болов уу?

- "Мазаалай" хиймэл дагуулын төслийн зорилго сансрын инженерүүдийг бэлтгэх зорилготой байсан. Япон инженерийн тусламжтайгаар бид хиймэл дагуулаа хийж, сансарт хөөргөсөн. "Мазаалай" 22 сар орчим сансарт ажиллаад тавдугаар сарын 12-нд агаар мандалд орлоо. Энэ бол том амжилт.

"Мазаалай" хиймэл дагуулын хамгийн том даалгавар сансраас эх орныхоо зургийг дарах байсан. Уг даалгавар бүрэн биелээгүй. Хиймэл дагуулын дарсан зургийг нааш татаж авахад холбооны систем дээр асуудал үүссэн. Бид их хэмжээний дата татаж авах боломжгүй байдалд орсон.

Дараагийн даалгавар нь сансарт Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэх байсан ч мөн л амжилттай биелээгүй гэж үзэж байгаа. Бидний сигналаас Төрийн дууллыг сайн сонсож чадаагүй. Шуугиан ихтэй, тасалдаад байсан.

Даалгавруудаа амжилттай биелүүлж чадаагүй хэдий ч хиймэл дагуулын төсөл амжилттай болсон гэж үзэж байгаа. Бид ядаж л сансрын объектоо хэрхэн бүртгүүлэх вэ гэдгийг сурлаа.

- "Тэмүүлэл" хиймэл дагуулын "Мазаалай"-тай адил болон ялгаатай талуудыг танилцуулбал?

- "Мазаалай"-г бүтээгээд, сансрын инженерийн чиглэлээр суралцаад төгсөөд ирсний хувьд бид эх орондоо хиймэл дагуул бүтээх боломжтой гэж үзэж байгаа.

"Тэмүүлэл" нь  "Мазаалай"-тай ижил хэмжээтэй туршилтын хиймэл дагуул. Сансрын орчны тестийг Монголд хийх боломжгүй ч хөгжүүлэлт болон бусад ажлыг Монголдоо хийх боломжтой. Хэрэглээний хиймэл дагуул хийхээс өмнө бид туршилтын хиймэл дагуулыг өөрсдөө бүтээх ёстой.

"Тэмүүлэл" гурван даалгавартай хөөрөх юм. Эхнийх нь эх орныхоо газрын зургийг авах. Эхний ээлжинд хэрэглээний түвшинд өндөр нарийвчлалтай зураг авч чадахгүй ч өргөн уудам газар нутгийг хянах зургийг өөрсдөө авах ажлын эхлэл гэж ойлгож болно.

Дараагийн даалгавар нь холбооны даалгавар. Цаг агаарын ямар ч нөхцөлд тасалдахгүй холбоо барих хэрэгсэл бол хиймэл дагуул. Тиймээс алслагдсан орон нутгаас цаг уурын мэдээлэл цуглуулдаг системийг турших юм.

Сүүлийн даалгавар нь цэвэр шинжлэх ухааны даалгавар. Ирээдүйн сансрын технологид тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чухал туршилтыг бид хийхээр төлөвлөж байна. Тодруулбал,  бид хагас дамжуулагч элементийн сансрын цацрагийн нөлөөнд эвдрэх магадлалыг судлах юм.
Хагас дамжуулагч элемент сансарт гарахаараа цацрагийн нөлөөгөөр маш их эвдэрдэг. Энэ эвдрэлийг судална. 

Сансрын технологи өндөр хөгжсөн орнууд сансарт том том байгууламжуудтай болох амбицтай байна. Тэдгээр томоохон байгууламжийг тэтгэх энерги, эрчим хүчийг тээвэрлэж буй өндөр хүчдэл сансрын ниргэлэгт өртөж эвдрэх тохиолдол байдаг учраас хүчдэлд хагас дамжуулагч элемент хэр их эвдэрч байна вэ гэдгийг судлах юм.

Одоогийн байдлаар дэлхий дахинд өндөр чадлын хагас дамжуулагч дээр хийсэн туршилт байхгүй байна. Бидэнд энэ туршилтыг хийх боломж яагаад байгаа юм бэ гэхээр манай Д.Эрдэнэбаатар доктор судалгааны ажлаараа эвдрэх магадлалыг хэрхэн тооцоолохыг томьёолсон. Тийм болохоор тооцоолол зөв хийгдсэн эсэхийг шалгах зорилготой гэж ойлгож болно.

-“Тэмүүлэл” хиймэл хиймэл дагуулыг хэзээ хөөргөхөөр төлөвлөж байгаа вэ. Бүтээх, хөөргөхөд хэчнээн төгрөгийн зардал гарах вэ?

-2021 оны эхээр хөөргөхөөр төлөвлөж байгаа.  

“Тэмүүлэл” төслийн хувьд одоогоор ямар нэгэн санхүүжилт хийгдээгүй байна. Нийтдээ 300-400 мянган ам.долларын хөрөнгө орох болов уу.

“Мазаалай” дээр бидэнд маш хөнгөлөлттэй нөхцөл олдсон. Манай хоёр доктор Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцсан бол миний бие 1,000 инженер төслийн зээлээр суралцаж байсан. Бид сурч байсан сургуулийнхаа үнэгүй лабораторид туршилт, хөгжүүлэлтээ хийсэн. Үүн дээр Улсын онцгой комиссоос бас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Одоо бол бидэнд тийм сургалтын орчин байхгүй учраас зардал өндөр гарах төлөвтэй байна.

"Мазаалай”-гийн дүү гэж хэлж болох "Тэмүүлэл" нэртэй туршилтын хиймэл дагуулыг бүтээх төслийг санаачлагчид өчигдөр төслөө төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулан хамтран ажиллах, санхүүжилт татах асуудлаар нээлттэй уулзалтыг зохион байгуулсан юм.  

Уг уулзалтад БНМАУ, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар Ж.Гүррагчаа болон БСШУСЯ, ШУА-ийн холбогдох албан тушаалтнууд оролцож төслийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.