Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн супермаркет савлагаагүй хүнсний барааг туршилтаар худалдаалж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Их Британийн супермаркетын томоохон сүлжээ Waitrose анх удаа байгаль орчинд ээлтэй худалдааны шинэ хэв маягийг энэ долоо хоногоос туршиж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл хүнсний зарим бүтээгдэхүүнээ уут савлагаагүй, задгай хэлбэрээр зарж эхэлсэн байна. Худалдан авагч нь тусгай машинаас бүтээгдэхүүнийг өөрийн саванд хүссэн хэмжээгээрээ хийж авах юм.

Туршилтыг Waitrose сүлжээний Оксфорд дахь салбараас эхэлжээ.

Энд шар айраг, дарс, будаа, төрөл бүрийн угаалга, цэвэрлэгээний материалуудаар дүүргэсэн өөртөө үйлчлэх машинуудыг байрлуулсан байна. Задгайгаар өөрөө савлаж авбал уут савлагаатай авснаас 15 хувь хямд байх ажээ.

Мөн савлагаатай хувилбарууд ч зэрэгцэн байгаа тул хүмүүс сонголт хийх эрхтэй юм байна.

Бараа бүтээгдэхүүний хуванцар савлагаа, гялгар уут нь өнөөдөр дэлхийн хэмжээний гамшиг болоод байгаа. “Британийн хамгийн том 10 супермаркетын сүлжээ жил бүр 810,000 тонн уут, савны хаягдал үйлдвэрлэдэг. Тиймээс худалдааны газруудыг Waitrose-ийн үлгэр жишээгээр зоригтой алхам хийхийг уриалж байна” гэж Greenpeace UK байгууллагын далай тэнгисийн хог хаягдал хариуцсан мэргэжилтэн Ариана Дэншам ярьжээ.

Туршилтын хүрээнд Waitrose 160 төрлийн жимс, ногоо, дөрвөн төрлийн дарс, дөрвөн төрлийн шар айраг, гоймон, будаа зэрэг бусад 30 төрлийн барааг өөрөө савлах машинд суулгаад байгаа гэнэ.

Задгай худалдаа нь жижиг зах, дэлгүүрүүдэд байдаг ч том хэмжээний супермаркетуудын хувьд анхны алхам болж байна.

 

Эх сурвалж: The Guardian