Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани $5,999-ын үнэтэй “ногоо үрэгч” танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр эхэлсэн WWDC хөгжүүлэгчдийн чуулганы үеэр Apple компани мэргэжлийн түвшний Mac Pro ширээний компьютерынхаа шинэ хувилбарыг танилцуулжээ.

Нүүрэн талаас нь харвал яг “ногоо үрэгч”-тэй адилхан харагддаг энэхүү машин нь хангалттай хүчирхэг техникийн үзүүлэлттэйгээ дагаад чамгүй өндөр үнэтэй бүтээгдэхүүн болсон байна.

Apple зургаан жилийн өмнө хамгийн сүүлд Mac Pro компьютерээ танилцуулсан нь өвөрмөц цилиндр хэлбэртэй байснаас “хогийн сав” хэмээх хочийг хүртэж байв.

Өмнөх загварынхаа гол дутагдал болсон өргөтгөх боломжийг Apple энэ удаа хангалттай сайжруулжээ. Үүнээс гадна хөнгөн цагаан корпус, дээрээ өргөх бариултай, доороо түрэх дугуйтай өвөрмөц дизайн нь шинэ Mac Pro-г өвөрмөц харагдуулж байна.

 

Шинэ Mac Pro нь 28 хүртэл цөмтэй Intel Xeon процессор, 1.5 Терабайт хүртэл RAM-аар тоноглох боломжтой, Radeon Pro Vega II Duo график карт хоёрыг зэрэгцүүлэх багтаамжтай юм.

Энэ их техникийг ажиллуулахын тулд 1.4kW тэжээлээр тоногложээ. Гэхдээ Mac Pro компьютерын дуу чимээ ердийн iMac-ийн хэмжээнд байна гэдгийг Apple амлаж байна.

Шинэ Mac Pro нь бас Apple Afterburner хурдасгагч карттай тул 8K ProRes RAW чанарын видео стримийг гурван зэрэг гүйцэтгэж чадна.

Өмнөх хувилбараасаа хоёр дахин олон PCI өргөтгөх слоттой, нүүрэн талдаа хоёр USB-C порт, хоёр USB-A порт агуулжээ.

Mac Pro-той ажиллах дэлгэцийг Apple бас танилцуулсан нь 32 инчийн Pro Display XDR юм. 6,016 х 3,384 цэгийн нягтралтай уг дэлгэцийг Apple өөрөө “Retina 6K” хэмээн нэрлэж байна.

 

True 10 bit color дэлгэц нь нэг тэрбум өнгийг дүрслэх чадалтай бөгөөд “nano-texture” гэдэг гялбалтаас хамгаалах тусгай технологитой юм байна.

Уг дэлгэцийг $999-ийн үнэтэй Pro Stand сууриар нэмж тоногловол 90 хэмийн өнцгөөр эргүүлээд босоо (portrait) горимд ашиглах боломжтой болно.

Шинэ Mac Pro-ын хамгийн бага үзүүлэлттэй буюу octa-core Intel Xeon процессор, 32GB RAM, Radeon Pro 580X график карт, 256GB SSD дисктэй хувилбарын үнэ $5,999 болж байна.

Pro Display XDR нь $4,999-аас эхлэх үнэтэй бол түүнд зориулсан Pro Stand суурийг $999-ээр авч болох гэнэ. Шинэ Mac Pro ирэх намар худалдаанд гарна.

 

Эх сурвалж: Mashable