Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Крипто валютын үүсгэн байгуулагч хятад залуу Уоррен Бафеттай зоог барих эрхийг $4.6 саяар худалдаж авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

eBay онлайн дэлгүүр жил бүр тэрбумтан Уоррен Бафеттай өдрийн хоол зооглох эрхийг дуудлага худалдаагаар зардаг.

Тэгвэл энэ жилийн эрхийг “tron” криптовалютыг үүсгэн байгуулагч Жастин Сүн $4.6 саяар худалдаж авснаа өчигдөр мэдээлжээ.

Дуудлага худалдаанаас олох орлогыг Сан Францискогийн орон гэргүйчүүдэд тусалдаг Glide Foundation байгууллагад хандивладаг юм. 

Жастин Сүн долоо хүртэл тооны хүнийг дагуулан Манхеттэний Smith & Wollensky стэйк ресторанд нэрт хөрөнгө оруулагчтай цуг зоог барих эрхтэй болж байна. Тэр хамт зоог барих хүмүүсээ крипто салбарын лидерүүдээс сонгох хүсэлтэй байгаа гэнэ.

Хятадад төрж, Бээжингийн их сургуулийг төгссөн 28 настай Сүн одоо Сингапурт бизнесээ эрхэлдэг. Тэрээр Хятадын крипто салбарын анхдагчдын нэг бөгөөд түүний үүсгэсэн “tron” нь топ 10 криптовалютын нэгт тооцогддог.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн гуравт жагсдаг Уоррен Бафет биткоиныг “хархны хор” хэмээн нэрлэж байсан бөгөөд крипто салбарыг төдийлөн ойшоодоггүй хүн. Харин Жастин Сүн энэ боломжийг ашиглан 88 настай тэрбумтны санааг эргүүлэх зорилготой гэнэ.

Уоррен Бафет 2000 оноос хойш Glide Foundation-ий дуудлага худалдааг хамтран зохион байгуулж, нийт $34.2 саяыг хандивлаад байгаа.

2004 онд нас барсан эхнэр Сюзан нь анх Бафетыг Glide сангийнхантай танилцуулж байсан гэдэг.

 

Эх сурвалж: Reuters