Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Орон гэргүй хүнээр даажигнасан YouTube од шоронд хоригдох ял сонслоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Испанийн YouTube од орон гэргүй хүнд шүдний оон хавчуургатай жигнэмэг өгч идүүлж байгаагаа олон нийтэд наргиа болгон үзүүлсэн нь түүнийг гэмт хэрэгтэн болгожээ.

Барселона хотын шүүх өчигдөр онлайн орчинд ReSet нэрээр алдаршсан Канхуа Рэнд 15 сар шоронд хоригдох ял оноож, хохирогчид 20,000 еврогийн нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан байна.

Үүнээс гадна ReSet таван жилийн хугацаанд сошиал үйлчилгээ ашиглах эрхгүй болжээ. Хятадад төрж, Испанид өссөн ReSet нь Испани болон Латин Америкийн хамгийн алдартай 200 YouTube-чний нэг бөгөөд 1.1 сая дагагчтай юм.

2017 онд тэр Oreo жигнэмэгний хавчуургыг арилгаад оронд нь шүдний оо хийснээ Барселоны гудамжинд амьдардаг Румынээс ирсэн орон гэргүй хүнд өгч идүүлжээ. Орон гэргүй эр уг жигнэмэгийг нь идээд бөөлжиж байгаа бичлэгийг ReSet нийтэд үзүүлж, зугаацаж байсан юм.

Дараа нь тэр “Магадгүй би дэндүүлсэн байх. Гэхдээ сайн талыг нь харвал би түүнд шүдээ цэвэрлэхэд нь тусаллаа шүү дээ. Тэр лав гудамжинд гарснаасаа хойш шүдээ угаагаагүй байх” гэж YouTube од тухайн үед тайлбарлаж байжээ.

Гэвч энэ бичлэг олон нийтийг бухимдуулж, удалгүй бичлэгээ YouTube сүлжээнээс устгасан юм. Дараа нь ReSet орон гэргүй хүнийг олж уулзаад охинд нь 300 евро өгч, гомдол гаргахгүй байхыг хүсэж байв.

Барселоны шүүх түүнийг хүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнд буруутгажээ.

Ийм үйлдэл хийснээрээ ReSet олны анхаарлыг татаж, сурталчилгааны орлогоо өсгөх зорилго агуулсан гэж бас буруутгасан байна.

Гэхдээ тэр шоронд хоригдох ялыг биеэр эдлэхгүй бололтой. Испанийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдэхдээ хоёр жилээс бага хугацаанд хоригдох ял сонссон этгээдийг шийтгэлээс чөлөөлдөг байна.

 

Эх сурвалж: The Guardian