Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Лондон хотын даргыг муулсаар Британид газардлаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Их Британид анхны төрийн айлчлалаа хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп онгоц нь газардаагүй байхад Лондон хотын дарга Садик Хан руу твиттер хуудсаараа довтолж эхэлжээ.

Трампыг Их Британи улс хатан хааны хүндэт зочны хэмжээнд хүлээн авахаар болсныг эсэргүүцэгчдийн нэг Садик Хан юм. Тэрээр саяхан энэ тухай ярихдаа Трампыг “дэлхий дахинд учраад буй аюул заналуудын хамгийн муухай нэг жишээ” гэж тодорхойлоод түүнийг “20 дугаар зууны фашистуудыг санагдуулам бодлоготой” гэж шүүмжилж байв.

Бас тэр АНУ-ын ерөнхийлөгчийг улаан хивс дэвсэн угтаж авах болсныг эсэргүүцэж, ингэхийг “Британийн ёсонд нийцэхгүй” хэмээн бичиж байжээ.

Трамп, Хан нар бүр 2016 оноос эхлэн бие биеэ үздэггүй байв. Пакистан гэр бүлээс гаралтай Садик Хан цагаачдын эсрэг, тэр дотроо исламын шашинтнуудыг гадуурхсан цагаачлалын бодлогыг нь хүчтэй шүүмжлэгч юм.

Тэгвэл Дональд Трамп онгоц нь Лондон хотод газардахын өмнөхөн твиттер хуудсандаа Садик Ханыг доромжилж эхэлжээ.

Тэр “Лондон хотын даргын албыг бүх талаар маш муу хашиж байгаа Садик Хан Британийн хамгийн чухал холбоотон АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалыг гутаан доромжлохыг санаархаж байна. Чулуу шиг хүйтэн, азгүй амьтан надад санаа тавихын оронд Лондон хотын гэмт хэргийг бууруулахад анхаарвал зохино. Хан надад Нью Йорк хотын дарга асан, тэнэг, чадваргүй Де Бласиог санагдуулдаг. Тэр бас адилхан муу хотын дарга байсан ч Ханаас хоёр дахин өндөр хүн байсан юм. Ямартай ч би Нэгдсэн Вант улсын агуу найз нөхөр байж, айлчлалдаа анхаарал хандуулах болно. Яг одоо газардаж байна!” хэмээн бичсэн юм. Билл Де Бласио нь 196 см өндөр бол Садик Хан 165 см өндөр тул Трамп түүнийг ингэж доромжилсон бололтой.

Өнгөрсөн онд Британид ажлын айлчлал хийж байсан Трамп энэ удаа төрийн айлчлал хийж байгаа. Төрийн айлчлал хийж буй гадаадын төрийн тэргүүнийг сүйх тэрэгт залж, Букингэмийн ордонд хатан хаан хүндэтгэлийн зоог барьдаг уламжлалтай.

Гэвч британичуудын багагүй хэсэг нь Дональд Трампыг ийм хэмжээний хүндэтгэл үзэх ёсгүй хүн гэж үзсээр байна. Трампын айлчлалын үеэр Лондон хотын төвд иргэдийн эсэргүүцлийн жагсаал болох төлөвлөгөөтэй байгаа юм.