Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

ikon.mn
2019 оны 6 сарын 3
"МОНЦАМЭ" агентлаг
Зураг зураг

МОНЦАМЭ агентлагийн хятад хэлээрх “Мөнгү Шяоши Бао” сонин Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, сонины 90 жилийн ойн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хятад хэлний сургалттай ЕБС-иудын бага, дунд ангийн сурагчдын дунд  “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” сэдвээр гар зургийн уралдаан зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. 

Уралдаанд хятад хэлний сургалттай Үй Цай, Найрамдал, Дархан Цайхун, Хишиг, 23-р сургууль зэрэг сургуулиудын нийт 120 бүтээл ирсэн бөгөөд 1-2, 3-5, 6-8-р анги гэсэн ангиллаар тус бүр 3 шагналт байрыг шалгаруулав. Үүнд,

1-2-р анги

1 дүгээр байр: Үй-Цай дунд сургуулийн 1-Б ангийн сурагч Г.Ундраа

2 дугаар байр: Үй-Цай дунд сургуулийн 2-Б ангийн сурагч Л.Анар

3 дугаар байр: Хишиг дунд сургуулийн 1-В ангийн сурагч Л.Урангоо

3-5-р анги

1 дүгээр байр: Найрамдал дунд сургуулийн 3-А ангийн сурагч Ө.Гүнсансар

2 дугаар байр: Үй-Цай дунд сургуулийн 4-А ангийн сурагч М.Гэрэлтэх

3 дугаар байр: Үй-Цай дунд сургуулийн 5-Б ангийн сурагч Э.Мөнхжин

6-8-р анги

1 дүгээр байр: Хишиг дунд сургуулийн 7-А ангийн сурагч Д.Булган

2 дугаар байр: 23-р дунд сургуулийн 6-Е ангийн сурагч У.Марал

3 дугаар байр: Үй-Цай дунд сургуулийн 6-В ангийн сурагч Б.Эгшиглэн нар тус тус шалгарч, уралдааны ивээн тэтгэгч БНХАУ-ны ЭСЯ-наас 150,000, 100,000, 50,000 төгрөгийн мөнгөн урамшуулал, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс болон Хятадын соёлын төвийн нэрэмжит дурсгалын зүйлээр шагнуулав.

Шагнал гардуулах арга хэмжээнд МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин нар оролцлоо. Шалгарсан бүтээлүүдийг агентлагийн сонин, мэдээллийн цахим хуудсаар түгээн олны хүртээл болгох юм.

Тус уралдаан нь сурагчдын төсөөлөх ур чадвар, уран зургийн мэдрэмжийг хөхиүлэн дэмжих,  Монгол-Хятадын найрамдалт харилцаа хүүхэд багачуудын нүдээр хэрхэн харагдаж буйг уран зургаар нээн харуулах замаар Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх зорилго аж. 

Монгол улс дах цорын ганц хятад хэлээрх тогтмол хэвлэл  болох “Мөнгү Шяоши Бао” сонин нь 2019 онд  Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, тус сонины 90 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулжээ.