Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой асуудлаар болон МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэх зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.

Х.Мандахбаяр "Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой сурвалжилга бэлтгэсэнтэй холбоотойгоор намайг гүтгэж байгаа. Би Өмнөговь аймгийн иргэн. Дээрээс нь сэтгүүлчийнхээ хувиар энэ асуудалд хандаж байгаа. Би энэ асуудалд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн хувиар хандаагүй. 

Сурвалжилга хийх явцад миний юм уу, хэн нэгний захиалгаар битгий хандаарай гэж би хэвлэлийнхэндээ захьсан. Харамсалтай нь хамт явсан зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань сурвалжилгаа гаргах боломжгүй байх шиг байна. Түүнийг ойлгож байна. 

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус уурхайд шалгалт хийгээд 31 үндэслэл бүхий хаах дүгнэлт гаргасан. 

Хоёрдугаарт, Тосонбумбатай холбоотойгоор би өөрийн нэр дээр Мэргэжлийн хяналтын байгууллагад дахин хүсэлт гаргасан, шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотойгоор. Тус уурхайд тогтоол ус үүссэн байгаа. Тиймээс энэ асуудлыг шалгаж өгнө үү гэж хандсан. 

Түүнчлэн намайг болон гэр бүл, хамтрагчдыг маань айлган сүрдүүлж эхэлсэн. Би хувь хүн, нутгийн иргэнийхээ хувиар тэмцэж байгаа. Би үүнийгээ зогсоохгүй. 

Би хотын даргыг шантаажилж, 400 сая төгрөг нэхээгүй. С.Амарсайхан дарга бид хоёр эртнээс бие биеэ мэднэ. Би ТВ8 телевизийг худалдаж авсан. Телевиз худалдан авах ажил маш удаан байдаг. Эрх шилжүүлж байх явцад тус телевизээр Туулын бургасыг хядаж байгаа тухай сурвалжилга цацагдсан. Сурвалжилга цацагдсаны дараа эрх нь надад ирсэн. Түүний дараа MNBC-гээс ТВ8-ыг хаасан. 

Би MNBC-гийн ажилтан руу уурлаж, дайрч давшилсан нь үнэн. Гэхдээ би хэвлэл мэдээллийн хэрэгслээр зүй бус үг хэлээгүй. Тус компанийн зүгээс хаалтын гэрээ байгуулж, дахин сөрөг мэдээлэл цацуулахгүй, мөн дээрх сурвалжилгыг бэлтгэсэн сэтгүүлчээр компанийн удирдлагуудаас уучлалт гуйлга гэсэн. Би боломжгүй гэхэд тэгвэл бичлэгийг чинь цацна гэж сүрдүүлсэн. Би цац гэсэн. 

Мөн манай сэтгүүлчийн “Тоосго нисэж ирээд хүн үхдэг юм шүү” гэж хоёр шөнө дараалж, дугаараа нууцалсан утаснаас залгаж дарамталсан. Бид үүнийг цагдаа, тагнуулын байгууллагад өгч шалгуулна. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар гэдэг хүн хотын дарга С.Амарсайханы өмнөөс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулсан. Би энэ гэрээг хаалтын гэрээ гэж мэдээгүй. 

Хотын дарга хувийн компаниа хамгаалж, нийслэлчүүдийн төсвийн мөнгөөр булхай луйвраа халхлах хаалтын гэрээ байгуулсан. 
С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаяр ТВ8 телевизийг хууль бусаар хааснаа хүлээн зөвшөөрсөн. 

Над руу залгасан, Бадрал гэдэг хүн намайг хүчингийн хэрэгт холбогдсон бичлэгийг чинь цацна гэж сүрдүүлсэн. Надад хууль зөрсөн ямар нэг үйлдэл байхгүй. 

Би саяын хэд хоног хэвлэл мэдээллийн салбар хэрхэн худалдагддаг вэ гэдгийг харлаа. Үнэн хүчгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаад эзэд ил байх ёстой. Үүний төлөө Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тэмцэх ёстой. 

Сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн. Би Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн хувиар үүнийг зарлаж байгаадаа харамсаж байна. Ард түмнээсээ уучлал гуйж байна.

Албан тушаалаар намайг гүтгэж, нөхөд рүү минь дайрч байгаа учраас би албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өнөөдөр Удирдах зөвлөлдөө өгнө

Хотын дарга С.Амарсайханыг холбогдоод байгаа асуудлаа цэгцэртэл албан тушаалаасаа чөлөөлөгд гэж шаардаж байна. "Зүүнбаян рефайнери" компани хядсан бургасаа нөхөн сэргээхээс нааш, байгаль орчинд учруулсан 9.4 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулахаас нааш С.Амарсайхан хотын даргаар ажиллах эрхгүй" гэлээ.