Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улсын эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн үзүүлэлт өнгөрсөн оноос 10 байраар ухарсан"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019"-ийг өнөөдөр танилцууллаа.

Уг судалгаагаар ижил түвшний 63 улсыг харьцуулдаг ба манай улс 2015 оноос хамрагдаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ жил Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдэж, Венесуэл улсын өмнө жагсжээ. 

Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг "Бид дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байна.

Ерөнхийдөө өрсөлдөх чадварын судалгаа нь дөрвөн үзүүлэлтийн дагуу улс орнуудыг харьцуулдаг ба манай улс дараах байруудад эрэмбэлэгдсэн. 

  1. Эдийн засгийн тамир тэнхээ 58
  2. Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа 59
  3. Засаглалын үр ашигтай байдал 61
  4. Дэд бүтэц 62 дугаарт тус тус бичигдсэн байна.

Харин өрсөлдөх чадвараараа дэлхийд Сингапур, Хонг Конг, АНУ, Швейцар улс тэргүүлж байгааг судалгаа харуулж байна. 

Нэгдүгээр байрт бичигдсэн Сингапур улстай харьцуулахад манай улсын өсөлт хэт удаашралтай буюу өрсөлдөх чадвараараа 45.1 хувьтай болж ухарчээ. 

Түүнчлэн эдгээр улс өрсөлдөх чадвараараа сайн байгаа шалтгаан нь ирээдүйдээ бэлэн байж, хувь хүний ур чадвар, технологийн дэвшил, дижитал зэрэг салбарууддаа хөрөнгө оруулж буй явдал юм. 

Нэмж хэлэхэд, БНХАУ 14, ОХУ 45 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн. Үүнээс харвал хөрш орнуудын хувьд өсөлттэй яваа ч манай улсын хувьд эсрэгээрээ буурч байна" гэлээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад гарсан өөрчлөлтийн талаар Судалгааны мэргэжилтэн Ч.Ганбат “Манай улсын хувьд эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн үзүүлэлтээр өнгөрсөн жил 48 дугаарт орсон. Гэтэл энэ жил 58 дугаарт эрэмбэлэгдэж, 10 байраар ухарлаа. 

Үүнд манай улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшин бусад улстай харьцуулахад бага буюу залуучуудын ажилгүйдэл их байгаа нь нөлөөлсөн. 

Харин амьжиргааны өртөг бага, орон сууцны түрээсийн үнэ бага, хэрэглээний индекс сайн байгаа нь сайжирсан үзүүлэлт аж. Мөн Монгол Улсын хувьд 2018 онтой харьцуулахад төсвийн алдагдлын хувь буурсан, ДНБ-ий өсөлт, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, аялал жуулчлалын орлогын дүн, валютын ханшийн тогтвортой байдал сайжирсан гэсэн эерэг үзүүлэлттэй байгаа юм" гэв.