Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын дипломатчид цаазлуулсан гэх мэдээллийг АНУ шалгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Саяхан Өмнөд Солонгосын Чосун Илбо сонин АНУ-Умард Солонгосын яриа хэлэлцээрийг зохион байгуулж байсан Пёньяны дипломатчид Ханойн уулзалтыг үр дүнгүй болгосныхоо төлөө цаазлуулсан тухай мэдээлсэн юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Вьетнамын нийслэлд хоёр дахь удаагаа уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн билээ.

Энэ мэдээллийн талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Тэрээр Баасан гарагт Германы гадаад хэргийн сайд Хэйко Маастай хамтарсан хэвлэлийн хурал Берлин хотод зохион байгуулах үеэр “Бид мэдээллийг үзсэн. Мэдээлэл үнэн эсэхийг шалгахын тулд бүхнийг хийж байна” гэж хариулсан байна.

АНУ-тай хийх хэлэлцээрийг хариуцсан тусгай элч Ким Хёк Чолыг “Америкийн империалистуудын талд орж, их удирдагчаас урвасан” шалтгаанаар Пёньяны Мирим нисэх буудалд өнгөрсөн гуравдугаар сард цаазалсан тухай Умард Солонгосын нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээллийг Чосун Илбо сонин дамжуулсан юм.

 
Ким Хёк Чол

Чосун Илбо нь Өмнөд Солонгосын хамгийн том өдөр тутмын сонинд тооцогддог.

Ким Хёк Чолтой хамт гадаад харилцааны яамны дөрвөн дипломатчийг цаазалсан гэж уг мэдээнд өгүүлжээ.

Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Сонинд гарсан мэдээллийн талаар тайлбар өгөх боломжгүй. АНУ-ын засаг захиргаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба “Бид холбогдох бүх мэдээллийг шалгаж байна. Гэхдээ сонинд гарсан мэдээллийг баталгаатай эсэхэд эргэлзэж байна. Энэ асуудлаар яаруу түргэн дүгнэлт гаргах зохимжгүй юм” гэж мэдэгджээ.

АНУ-Умард Солонгосын хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хариуцаж байсан Ким Хёк Чол, Ким Ён Чол нар сураггүй болсон нь илэрхий байгаа ч одоогоор тэдэнд юу тохиолдсон талаар тагнуулын мэдээлэл ирээгүй байгааг Вашингтоны албаны эх сурвалж баталсан байна.

Өмнө нь Умард Солонгосын албан хаагчид энэ мэтээр сураггүй болж, “үзэл суртлын боловсрол эзэмшүүлэх” арга хэмжээний дараа дахин ил гарах тохиолдол байдгийг дээрх эх сурвалж мөн мэдээлжээ.

Ханойн дээд хэмжээний уулзалтаас өмнө Майк Помпеотой урьдчилсан хэлэлцээрүүдийг хийж байсан Ким Ён Чолыг албан тушаалаасаа бууж, Умард Солонгосын Чагандо мужид албадан хөдөлмөр эрхлэхээр цөлөгдсөн тухай Чосун Илбо мэдээлсэн юм.

 
Ким Ён Чол

Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Вашингтонд зочилж, Ким Жон Уны захидлыг Дональд Трампад гардуулж байв.

 

Эх сурвалж: CNN