Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин Оросын нисэх буудлуудыг урлаг, соёлын алдартнуудын нэрэмжит болгох зарлиг гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын нисэх буудлуудыг Оросын урлаг соёлын зүтгэлтнүүдийн нэрэмжит болгох зарлиг гаргажээ.

Москвагаас эхлээд Магадан хүртэл хотуудад байдаг нийт 44 нисэх буудлын нэрийг ингэж өөрчлөхөөр болсон байна.

Тухайлбал Москвагийн Шереметьево нисэх буудлыг нэрт яруу найрагч Александр Пушкиний нэрэмжит болгосон бол Домодедовог 18 дугаар зууны нэрт эрдэмтэн Михайл Ломоносов, Внуковог Зөвлөлтийн нисэх онгоц зохион бүтээгч Андрей Туполевын нэрэмжит болгожээ.

Путиний зарлигт алдартнуудын нэрсийг яг яаж нисэх буудлын нэрэнд ашиглахыг тодорхой заагаагүй байна.

Гэхдээ одоо байгаа нэрэнд алдартай хүний нэрийг залгах байдлаар хэрэглэх магадлалтай байгаа гэнэ. Жишээ нь “А.С.Пушкиний нэрэмжит Шереметьевогийн Олон Улсын Нисэх Буудал” гэх мэт.

Зарим нэрнээс сонирхуулахад Татарстаны нийслэл Казаний нисэх буудлыг Татарын нэрт яруу найрагч Габдулла Тукайн нэрээр, Воронежийн нисэх буудлыг Нэгдүгээр Петр хааны нэрээр, Краснодарын нисэх буудлыг Екатерина хатан хааны нэрээр тус тус нэрлэжээ.

Харин алс дорнодын Магаданы нисэх буудлыг Зөвлөлтийн үеийн уран бүтээлч Владимир Высоцкийн нэрэмжит болгосон байна.

Нэрсийг олон нийтийн саналаар тодруулсан бөгөөд шалгаруулах ажлыг Оросын төр, олон нийтийн байгууллагууд хамтран гүйцэтгэжээ.

Путиний гаргасан зарлигийн зорилго нь үндэсний нэгдэл нягтрал, эх оронч үзлийг хөхүүлэн дэмжих гэнэ.

Харин Санкт Петрбургийн Внуково нисэх буудлыг 19 дүгээр зууны нэрт зохиолч Федор Достоевский, Волгоград хотын нисэх буудлыг дэлхийн хоёрдугаар дайны үеийн домогт нисгэгч Алексей Марсеевын нэрэмжит болгох санал олон нийтээс гарсан ч тодорхойгүй шалтгаанаар Путиний зарлигт тусгалгүй орхижээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty